Жиро д’Итали эхлэхэд гурав хоног үлдлээ

img

Энэ оны эхний Гранд тур уралдаан 3 хоногийн дараа Итали улсад эхлэх гэж байна. Энэ бол Жиро д’Итали уралдаан юм. Энэ жилийн уралдаанд уламжлал ёсоор 23 багийн 198 дугуйчин оролцохоор болсон бөгөөд гурав долоо хоногийн хугацаанд 3572.2 км зайг туулан 21 өдөр уралдана. Энэ жил 100 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа тус уралдаан Сардиния арлаас нээлтээ хийж, 3 өдрийн дараа эх газарт нэвтэрч орох хуваарьтай байгаа.

 

Уралдааны 21 гарааг хэв шинжээр нь ангилбал: Тэгш замын 6 шат, эргийн 2 шат байгаа нь спринтерүүдэд таатай гараанууд болж байна. Мөн үүн дээрээс багийн болон хувийн гэсэн 2 цуваа гараа багтжээ. Харин 11 уулын гараа багтсан бөгөөд эдгээрийн 7 нь өндөр уулын бүс байгаа учраас хүч шавхсан уралдаан болох нь тодорхой харагдаж байна.

 

Энэ жилийн уралдаанд оролцогчдын дунд хошой аварга Винчензо Нибали, 2014 оны ялагч Колумын Найро Кинтана, Их Британийн Адам Ятес, Францын Тибо Пино, АНУ-ын Тижэй ван Гардерен, Австралийн Рохан Дэннис нарын шилдэг тамирчид багтжээ.

 

Г.Баяраа     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ