
Монголын Үндэсний Олимпийн Хорооноос тухайн сард болж өнгөрсөн тэмцээн, уралдаанд амжилт үзүүлсэн тамирчдаа алдаршуулах, сар бүр Монголын спортын ертөнцөд болсон үйл явдлыг дүгнэх зорилгоор “Сарын шилдэг тамирчин” төслийг Монголын Спортын сэтгүүлчдийн холбоо, Монголын спортын маркетингийн агентлагтай хамтран өнгөрсөн сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Анхны шалгаруулалтанд амжилтаараа манлайлсан 5 тамирчин өрсөлдөж Боксын ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ, Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба 10-р сарын шилдгээр тодорсон юм. Харин 11-р сарын шилдэг тамирчнаар Нидерландын Амстердам хотноо болсон Жүдо бөхийн Гран При тэмцээний -78 кг-ийн жинд аваргалсан ОУХМ П.Лхамдэгд мөн тодроод байлаа. Тэгвэл 2011 оны хамгийн сүүлийн сар болох 12-р сарын шилдэг тамирчны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй явагдаж, Монголын спортын отгон гавьяат марафоны спортын тамирчин Бат-Очирын Сэр-Од шилдгээр анх удаагаа шалгарлаа.
МУГТ Б.Сэр-Од 10-р сарын шилдэг тамирчны шалгаруулалтанд мөн нэр дэвшиж байсан бол тэрээр Японы Марафонд 2 дахь жилдээ дараалан түрүүлсэн амжилтаараа 12-р сарын шилдэг тамирчин боллоо. Үзэгч, хөгжөөн дэмжигчдийн санал болох онлайн санал асуулгыг болон комиссын гишүүдын санал асуулгыг тэрээр итгэл төгс манлайлжээ.
Харин 2-р байрт онлайн шалгаруулалтыг сүүлийн өдрийг хүртэл тэргүүлж байсан Ой тогтоолтын ДАШТ-д оролцон хүрэл медаль хүртсэн Монгол улсын шигшээ баг орлоо. Багийн ахлагч Х.Хатанбаатар, С.Цогбадрах, С.Акжол, Т.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг БНХАУ-ын Гуанжоуд болсон ДАШТ-ээс багаараа хүрэл медаль хүртснээс гадна хувийн төрлөөр топ 10-т 4 тамирчин багтаж, 2 тамирчин их мастерийн болзлыг хангасан юм. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 100 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн Монгол улсын аварга С.Мөнхбат, Токиогийн их дуулгаас хүрэл, Жэжүгийн дэлхийн цомоос мөнгөн медалийг 2 өөр жинд хүртэж бахдам амжилт үзүүлсэн Хөдөлмөрийн баатар МУГТ Х.Цагаанбаатар, Монгол Туургатан 2011 шатрын олон улсын тэмцээнд түрүүлж, шатрын их мастер цол хүртсэн Монгол улсын 5 дахь тамирчин болсон Ц.Батчулуун нар энэхүү шалгаруулалтанд нэр дэвшиж өрсөлдлөө.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ