Путин: Сирид “аюулгүй бүс” байгуулах хэрэгтэй

img

Ерөнхийлөгч В.Путин Сирид нэн яаралтай аюулгүй бүс байгуулах хэрэгтэй хэмээн холбоотон орнуудад мэдэгдлээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай утсаар ярилцсан билээ. Удирдагчид Сири улсад дэгдээд буй иргэнийг дайн, олон улсыг заналхийлээд буй терроризмын хор хөнөөл болон Хойд Солонгосын цөмийн заналхийллийн талаар голлон ярилцсан юм. Трамп, Путин эхний ээлжинд Сирийн томоохон хотуудад хүчин төгөлдөр үйлчлэх гал зогсоох гэрээг харилцан байгуулахаас гадна Сирид явуулж буй АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвслийн байлдааны ажиллагааг түр хугацаанд хязгаарлахаар тохиролцоонд хүрсэн байна.

 

Гэхдээ удирдагчид гал зогсоох, байлдааны ажиллагаагааг зогсоох албан ёсны гэрээг байгуулаагүй байгаа талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлсэн бол Цагаан ордны хэвлэлийн алба “Тун удахгүй Сирид гал зогсох болно” гэж мэдэгджээ.

 

Уг утасны дуудлагын дараа Ерөнхийлөгч Путин Сири улсад нэн яаралтай “аюулгүй бүс” байгуулах хэрэгтэйг олон улсад хандан мэдэгдсэн байна. Тэрбээр “аюулгүй бүс” байгуулах ажилд АНУ, ОХУ-аас гадна Турк, Ираны эрх баригчид нэгдэхийг уриалж, хамтран гал зогсоох гэрээг байгуулахыг хүсчээ. Путин “АНУ, ОХУ гал зогсоох гэрээ байгуулахаас илүүтэй Иран болон Турк улстай мөн гал зогсоох хэлэлцээрийг байгуулахыг зорьж байна. Бид харилцан тохиролцож, гал зогсоох хэлэлцээрийг байгуулвал Сирид “аюулгүй бүс” байгуулах бүрэн боломжтой” гэж мэдэгджээ.

 

“Аюулгүй бүс” ямар ч хэмжээтэй байж болно” хэмээн Путин онцлоод “Хамгийн нь гол нь энэ бүсэд иргэд аюулгүй эмчилгээ, сувилал хийлгэж, шаардлагатай тусламжаар хангагдах ёстой” гэсэн байна. “Миний саналыг Ерөнхийлөгч Трамп дэмжиж буйгаа утсаар ярих үед илэрхийлсэн. Тиймээс гал зогсоох хэлэлцээрт Иран, Турк улсыг татан оролцуулах нь хамгийн чухал” хэмээн Путин мэдэгджээ.

 

Казакстаны Астана хотноо хоёр дахь удаагаа НҮБ-ын зуучлалаар олон улс Сирид энхтайван авчрах хэлэлцээрийг зохион байгуулж байна. Олон улс уг хэлэлцээрийн төгсгөлд ямар шийдвэрт хүрэх нь АНУ, ОХУ-ын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм. “Астана”-гийн хэлэлцээр амжилттай болж сөргөлдөгч талууд болох Сирийн Засгийн газар болон сөрөг хүчин хэлэлцээрийн ширээний ард суувал АНУ, ОХУ-ын эрх баригчид албан ёсоор гал зогсоох хэлэлцээр байгуулах аж. Астана хотноо үргэлжиж буй хэлэлцээр амжилттай болбол ОХУ түр хугацаанд террористуудад өгч буй агаарын ажил хаялтаа түр зогсоох боломжтой гэдгийг Путин мэдэгдэв. Трамп мөн ижилхэн бодолтой байгаа гэнэ.

 

ОХУ-ын гол төлөвлөгөө бол гал зогсоох гэрээг амжилттай байгуулахаас гадна “аюулгүй бүс”-ийг олноор байгуулахад зорьж байна. Сирийн олон сая иргэн өнөөг хүртэл босогчид болон террористын хяналтад байгаа бүс нутгуудад хоригдож байна. Тэдэнд яаралтай хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй бөгөөд өлсгөлөнгийн уршгаар илүү олон хүн амиа алдах эрсдэлтэй байгааг ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

 

Сири дэх нөхцөл байдал өдрөөс өдөрт дордож буй учир НҮБ тэргүүтэй олон улсын тусламжийн байгууллагууд Сирийн хил орчимд гацахад хүрээд байна. Тэд зөвхөн Сирийн Засгийн газрын хяналтад байгаа зарим хот, сууринд нэвтэрч байгаа юм. Эхний ээлжинд босогчдын хяналтад байгаа Идлиб болон Засгийн газрын хяналтад байгаа Хомс, нийслэл Дамаск хотноо  аюулгүй бүс байгуулах хэрэгтэй гэдгийг Путин мэдэгдлээ.

 

 

Путин өчигдөр АНУ-ын тэргүүнтэй утсаар ярилцсан бол өнөөдөр Туркийн Ерөнхийлөгч Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг Сочи хотын Хар тэнгисийн эрэг дээрх амралтын газартаа хүлээн авч, сүүлийн үеийн асуудлаар хэлэлцсэн юм.

 

Өнгөрөгч 2015 онд Сирид цохилт өгөөд бааз руугаа явж байсан ОХУ-ын байлдааны “Су 24” онгоцыг Туркийн сөнөөгч онгоц сөнөөсний дараахан хоёр улсын харилцаа муудахад хүрсэн билээ. Хоёр улсын дунд үүсээд буй хүйтэн харилцаа өнгөрсөн оноос аажим, аажимаар сэргэхэд хүрээд юм. Путин “Дамаск болон Тегеранд урьдчилан зөвлөгөө өгч байна. Энэ бүх хямралд цэг тавих яриа хэлэлцээрт идэвхтэй нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгджээ.

 

Ерөнхийлөгч Эрдоган “Олон жилийн турш Турк болон ОХУ-ын харилцааг олон нийт туршиж байсан” гэсэн бол Путин “Одоо бид илүү итгэлтэйгээр ОХУ-Туркийн харилцааг нөхөн сэргээх хэрэгтэй. Бид байнгын харилцаагаа сэргээж эхэлсэн” гэж мэдэгдэв. Мөн удирдагчид хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хамтран Сирид энхтайван авчрахаар төлөвлөж буйгаа сэтгүүлчдэд дуулгалаа.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ