Танилц: Монголын тав дахь Жульетта

Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид 2015 онд У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг шинэчлэн найруулж, олон нийтийн хүртээл болгосон.
Жүжгийн Жульеттагийн дүрд жүжигчин О.Дөлгөөн сонгогдон тоглож байсан ч тэрбээр өнгөрсөн өвөл гэр бүлийн хамт АНУ-д ажиллаж амьдрахаар хилийн дээс алхсан. Тиймээс УДЭТ-ын удирдлагууд Жульеттагийн дүрийн сонгон шалгаруулалтыг зарласан. Сонгон шалгаруулалтаар залуу жүжигчин Ч.Сэлэнгэ Жульттагийн дүрийг бүтээхээр сонгогдсон юм. Ийнхүү монголын тав дахь Жульеттагаар"18 нас би чамд хайртай", "Аз жаргал", "Хайр" зэрэг уран сайхны кинонд дүр бүтээсэн залуу жүжигчин Ч.Сэлэнгэ нэрлэгдсэн. Тэрбээр УДЭТ-ын орон нутгийн аялан тоглолтын хүрээнд Дорнод аймгийн театрын тайзнаа анх удаа Жульеттагийн дүрийг “амилуулаад” байна. Ингээд шинэхэн Жульеттатай танилцъя.
Түүнийг Чадраабалын Сэлэнгэ гэдэг. Тэрбээр 1995 оны зургадугаар сарын зургаанд Улаанбаатар хотод төрсөн. Өдгөө Улаанбаатар хотноо нөхөр, ихэр охидын хамт амьдарч байгаа бөгөөд СУИС-ийн гуравдугаар дамжаанд суралцаж буй. Мөн сурахын хажуугаар УДЭТ-ын сонгон шалгаруултад тэнцэн тус театрт “данстай” болоод удаагүй байгаа. Тэрбээр театрын жүжигчин болохоосоо өмнө “Би драмын жүжигт их дуртай. Ангийн багш маань театрын хүн учраас багшаасаа үлгэр дуурайлал авч театрт ажиллахыг хүсдэг. Боломж олдоод, чадал хүрвэл театр, киног хослуулахыг хүсч байна” хэмээж байсан.
Ч.Сэлэнгэ багаасаа л жүжигчин болохыг мөрөөддөг байсан бөгөөд толиныхоо өмнө дуулж, бүжиглэдэг хүүхэд байжээ. Тиймдээ ч алдартай жүжигчин болох нь түүний хамгийн том мөрөөдөл гэсэн.
Тэрбээр “UBS” телевизийн захирал, хөгжмийн зохиолч УГЗ Л.Балхжавын ууган хүү Б.Чингүүнтэй гэр бүл болж, өнгөрсөн онд хоёр ихэр охин төрүүлсэн. Тэр цаг, завтай үедээ ихэр охиндоо хувцас авах дуртай аж. Цаг хугацааг буцаах боломж олговол аль үед очих вэ гэх саваагүй асуултад “Хаашаа ч явахгүй. Элэг бүтэн энэ үед дээ л байвал сайхан. Миний амьдралын хамгийн үнэтэй зүйл бол гэр бүл минь. Тиймээс аз жаргал гэдэг бол “Гэр бүл” гэж хариулсан.
Түүний аав зураг зурах, сийлбэр хийхдээ гаргууд аж. Аавынхаа энэ авьяасыг дууриаж жүжигчин Ч.Сэлэнгэ зураг зурах, сийлбэр хийх дуртай гэнэ. Мөн тэрбээр чөлөөт цагаараа ууланд авирах, алхах, аялах дуртай аж.
Ч.Сэлэнгэ “Юу бодно тэр биелэлээ олно” гэж хэлэх дуртай бөгөөд бодол биелдэг гэдэгт итгэдэг. Тиймээс дандаа эерэг зүйлийн тухай бодож, өөрийгөө цэнэглэхийг, зөв хүн байхыг хичээдэг гэнэ.
У.Шекспирийн алдарт "Ромео Жульетта" бүтээл анх Монголын театрын тайзнаа 1966 онд Хүүхэд залуучуудын театрт С.Гэндэн найруулагчийн найруулгаар тайзны бүтээл болж Ромеод жүжигчин Ц.Готов, Жульеттад жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байжээ. Түүнээс хойш 30 жилийн дараа буюу 1996 онд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа найруулагч Ч.Найдандоржийн найруулгаар үзэгчдийн хүртээл болсон уг жүжгийн Ромеод жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, Жульеттад жүжигчин И.Одончимэг, Г.Урнаа нар тоглож байсан.
Харин 19 жилийн дараа 2015 онд "Ромео Жульетта"-г Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, Ромеод Б.Шинэбаяр, Жульеттад жүжигчин О.Дөлгөөн нар тоглосон.
Жүжигчин О.Дөлгөөн АНУ-ыг зорьсноор түүний оронд УДЭТ-ын залуу жүжигчин Г.Номуун Жульеттагийн дүрд тоглож байв. Гэсэн ч тэрбээр мөн хувийн шалтгаанаар ажлаасаа чөлөө авснаар монголын тав дахь Жульеттагаар Ч.Сэлэнгэ тодорлоо.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ