Бурхаан, хорвоо буруу тийшээ эргээд байна

Бурхан гэж хэн болох, хаана байдаг нь бүү мэд. Ямар ч байсан болж бүтэхгүй байгаа зүйлээ ховлодог нэг тийм “шидтэн” байх. Бас хорвоо хаашаа эргэвэл зөв болох талаар ч хэлэх бодит зүйл алга. Гэвч хүний ёсноос гажууд үйл явц маш ихээр өрнөөд буй учраас магадгүй энэ хорвоо буруу тийшээ эргээд байгаа байх. Тиймээс л энэ хорвоог бурханд ховломоор санагдлаа.
Хорвоогийн жамаар хэзээ нэг өдөр намайг орхих ээждээ би “Ээж ээ, та минь наддаа охин үр минь болж эргэж ирээрэй. Надад өгч байсан сайхан бүхнийг би тандаа өгмөөр байна” гэж хэлмээр санагддаг. Гэвч ижий минь амьд сэрүүн байсаар байхад муу ёрлосон болох учраас ил гаргаж зүрхэлдэггүй. Би хүн эргэж төрдөг гэдэгт итгэдэг. Хүүдээ, охиндоо, ойрын төрөлдөө эсвэл хаа нэгтээ хэн нэгний хүүхэд болон эргэн хорвоод ирдэг. Харин эргэн төрөхөд нь жорлонд унагаж, хогийн саванд чулуудаж, гудамжинд төөрүүлж байгаа нь нөгөө үйлийн үр л байх. Урд насандаа ямар үйл үйлдсэн нь тэгж хүний ёсноос гажуудаар эхдээ гологддогийг мэдэхгүй. Нэгэн насны амьдралаа охиндоо зориулж, төдийгөөс өдий хүртэл нь хайрласан ээж, аав нь охин үрдээ эргэж ирснийг нохойн гөлөгнөөс дорж үзэж, жорлонд зулбуулж, хогийн саванд чулуудсан бол яана аа. Ямар их харуусал, ямар их нүгэл вэ.
Хүнтэй гэрлэхийн тулд хүүхдээ Бөмбөгөр худалдааны төвд төөрүүлжээ. Ой долоон сартай охин үрээ хаяад зугтаж байхдаа тэр ээж юу бодсон бол. Алхаж ядаж байгаа тэр бяцхан амьтныг “ээж ээ” гээд энэ хорвоогоор дүүрэн орилж, эхийгээ хайна гэж бодоогүй юм байх даа. Хоромхон хугацааны өмнө “ээж ээ” гээд гараас нь хөтөлж байсан үрээ хаях зүрх, зоригтой эх хүн байгаа учраас л энэ хорвоо буруу тийшээ эргээд байна.
Төрөөд долоохон хоносон нярайг Нарангийн энгэрийн оршуулгын газарт аваачиж хаясан өвөө, эмээ ч байна. Охиноосоо төрсөн хүүхдийг “дутуу” хэмээн голж, амьдаар нь оршуулчихсан нь тэр. Ээждээ, өвөө эмээдээ гологдож хаягдсан хүүхэд эрүүл саруул, хэвийн бойжилттой болохыг эмч нар баталсан тухай мэдээлэл хэвлэлийн хуудсанд бий. Хорвоо зөв эргэдэг байсан цагт дутуу нярайг үнэгэн лоовуузанд хийж, ханын толгой тойруулан өлгөсөөр хүн болгодог байсан гэдэг.
Хүсээгүй нэрээр хүүхдээ жорлонд зулбуулж, хогийн саванд хаясан гэх үг өгүүлбэр цаг агаарын мэдээ мэт өдөр тутам урсаж байна. Амь биеийг нь хуваан бүрэлдсэн тэр амьд зүрхийг харанхуй нүх рүү чулууддаг хүн дүрст араатнаар энэ хорвоо дүүрээд байна, бурхаан. Өөрөө хүн болж төрчихөөд өрөөл нэгнийг хүн болох замд нь хөнөөж, хорвоогийн жамыг гажуудуулаад байна.
В.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ