10 дугаар цэцэрлэгийн санхүүжилтийг энэ онд багтаан шийднэ
Улсын хэмжээнд даун, аутизм, хавсарсан оноштой, тархины саажилттай хүүхдүүдийг асран сувилж нийгэмшүүлдэг ганц цэцэрлэг байдаг нь 10 дугаар цогцолбор төв юм. Гэвч 2013 оны дөрөвдүгээр сарын 4-нд уг цэцэрлэгийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргасан. Концессын гэрээгээр уг төвд шинээр барилга барьж өгөх шийдвэр гарсан ч Улсын төсвийн 2017 оны тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр барилгын асуудал дахин хойшилсон тул тус цэцэрлэгийн сурагчдын эцэг эх цэцэрлэгийн нурсан барилгын гадна талбайд жагсаал зохион байгууллаа.
2013 оноос хойш 10-р цэцэрлэгийн гурван бүлгийн 120 гаруй хүүхэд улсын асрамжийн 58-р цэцэрлэгийн зүүн жигүүрийн дөрвөн өрөөнд гурван ээлжээр хуваагдан суралцаж буй юм. Тусгай цэцэрлэгийн нэг ангид 8-10 хүүхэд суралцах ёстой ч анги танхимын хүрэлцээ муутайн улмаас нэг ангид 40 хүүхэд хичээллэж буй нь хүндрэлтэй байгааг эцэг, эхчүүд хэлж байна. Мөн Засгийн газрын шийдвэрийн дагуу хүүхдийн тусламжийн 108 утасны үйл ажиллагааг 58-р цэцэрлэгийн дээрхи дөрвөн өрөөнд ажлуулах шаардлагатай болсон тул 10-р цэцэрлэгийн 120 гаруй хүүхэд анги, танхимгүй болоод байгаа аж. Иймд цэцэрлэгийн барилгын ажлыг яаралтай шийдэж өгөхийг Засгийн газар, БСШУСЯ-наас эцэг, эхчүүд хүслээ.
10-р цэцэрлэгийн барилгын асуудлаар БСШСУЯ-ны хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Н.Отгонбаяраас тодрууллаа.
-10-р цэцэрлэгийн барилгын ажлын явц ямар байгаа вэ?
-БСШУСЯ-наас нэн түрүүнд энэ цэцэрлэгт анхаарал тавьж ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 10 дугаар цэцэрлэг концессын жагсаалтад орсон байгаа. БСШУСЯ-наас ч онцгой их анхаарал тавьж байна. Шийдвэрлэвэл зохих нэн тэргүүний асуудал бол 10-р цэцэрлэг мөн.
-Барилгын компани тодорхой болсон боловч энэ онд багтахгүй гэдэг шийдвэрийг УИХ-аас гаргаад байна?
-Концессыг хуучин Засгийн газрын тогтоолоор шийддэг байсан бол одоо УИХ-аар шийдвэрийг гаргадаг боллоо. Тиймээс хугацаа уртасахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ цэцэрлэгийн барилгын асуудалд манай яамнаас онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
-Тэгэхээр УИХ-ын шийдвэрийг дахиад хүлээх үү?
-Аравдугаар цэцэрлэг улс эх оронд нэн шаардлагатай гэдэг үндэслэлээр концессоор оруулна. Концессын шалгаруулалтыг хүлээнэ.
-Улсын асрамжийн 58-р цэцэрлэгт 10-р цэцэрлэгийн хүүхдүүд суралцаж байгаа нь нэг хүүхдийн эрх ашгаар нөгөө хүүхдийн эрх ашиг хязгаарлаж байгаа гэж олон нийт үзэж байна. Тэгэхээр барилгын ажлыг наашлуулах боломж байна уу?
-Бид бүхий л нөөц бололцоогоо ашиглаж л байна. Бусад эх үүсвэрийг судалж байна. Жайко, БНХАУ, АНУ, Энэтхэг зэрэг олон улсын буцалтгүй тусламж, урт хугацааны хөнгөлттэй зээл зэрэг боломжит бүх хувилбарыг ашиглахаар ажиллаж байгаа. Улсын төсөвт хөрөнгө суугаагүй тул их хэмжээний хөрөнгө учраас бид гадны байгууллагад хандаад байгаа юм.
-Цэцэрлэгийн хуучин барилгын зарим хэсгийг нураалгүй үлдээсэн. Одоо түүнд хүмүүс амьдрах болсон гэх мэдээ бий. Энэ асуудлыг хэзээ цэгцлэх вэ?
-Мэргэжилтнүүд газар дээр нь очиж ажиллаж байгаа. Нураахад бас зардал орно. Улс эх орны эдийн засгийн байдал амаргүй байгаа учраас эхний ээлжинд 10 дугаар цэцэрлэгт нэн шаардлагатай асуудлыг шийднэ.
Энэ онд хичнээн сургууль цэцэрлэгийн барилга ашиглалтад орох вэ?
-2015 онд бид сургууль цэцэрлэг, дотуур байр, спорт заал зэрэг 122 барилга ашиглалтад өгсөн байдаг. 2016 онд 72 барилга ашиглалтад өгөхөөс 51 барилга ашиглалтад өгсөн. Харин 2017 онд 67 барилга ашиглалтад өгөхөөс 20 барилга ашиглалтад өгөхөд бэлэн болоод байна.
Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ