”МИАТ”-ийн түрээсийн онгоц иржээ

"МИАТ” компани парк шинэчлэлээ эрчимтэй хийж байна. Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компаний Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа.
Уг агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм.
2013, 2014 онуудад төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглаж байгаа бол “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа уг Боинг 737-700 агаарын хөлгийг нислэгийн шинэ чиглэлүүддээ ашиглах юм байна. Тодруулбал 2017 онд нислэгийн хоёр шинэ чиглэл нээхээр төлөвлөжээ. Эхнийх нь зургаадугаар сарын 22-ны өдрөөс эхлэн БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт 2 удаа шууд нислэг хийх бол 11 дүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэг хийхээр төлөвлөсөн байна.
Цаашид парк шинэчлэлтийг сүүлийн үеийн цоо шинэ онгоцуудаар солих зорилт дэвшүүлсэн бөгөөд 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгүүд үйлдвэрээс гарсан даруйдаа Монголд орж ирэн 12 жилийн хугацаанд “МИАТ” компани түрээсээр ашиглахаар гэрээ байгуулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ