Инновацийн үзэсгэлэн нээгдэнэ

"Монголын инновацийн 7 хоног-2017" арга хэмжээний албан ёсны нээлт энэ сарын 8-нд болсон. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд инновацийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, инновацийн соёл, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх гол зорилготой юм. Түүнчлэн төр хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, олон нийт, төрийн бус байгууллагын инновацийн түншлэлийг өргөжүүлэхээр зорьж байна.
Энэхүү долоон хоногийн хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болно. Үзэсгэлэнд төр, засгийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа таниулах бол их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны сурталчилгаа, багш эрдэмтэд, судлаач, оюутны бүтээл дэлгэгдэх аж. Үүний зэрэгцээ аж ахуйн нэгж, компаниуд инновацийн үйл ажиллагааны үр дүн, үинэ техник тзхнологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа явуулж, эндээс инновацийн хамтын ажиллагаа, түншлэл эхлүүлэх боломж олгохоор төлөвлөжээ.
Энэ өдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болж, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тавдугаар сарын 11-12-ны өдрүүдэд “ICIED-2017” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болж, гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор, оюутнууд судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж,шилдэг бүтээлийг шалгаруулна.
Мөн “BPA-2017” залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал, тавдугаар сарын 12-14-ний өдрүүдэд залуучуудын гарааны бизнесийн “START-UP WEEKEND” арга хэмжээг зохион байгуулагдаж, энэ хүрээнд залуучуудын гарааны бизнесийг дэмжиж, шилдэг төсөл шалгаруулах аж. “Монголын инновацийн 7 хоног-2017” үйл ажиллагааг БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Үйлдвэрлэл-инновацийн газар, Шинжлэх ухаан, технологийн сан, ШУТИС хамтран зохион байгуулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ