116 дугаар сургуулийн сурагчид хичээл хаялт зарлав
2017-05-10

Нийслэлийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн сурагчид хичээл хаялт зарлажээ. Тэд сургуулийнх нь захирал, удирдлагууд сурагчдыг доромжилсон, үзэл бодлыг нь сонсдоггүй зэрэг шалтгаанаар хичээл хаялт зарласан байна.

 

Гэрэл зургуудыг MPA.mn

 

Тус сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сайханцэцэг “Өнөөдөр ахлах, дунд ангийн шилдэг сурагчид хичээл хаялт зарлалаа. Шалтгаан нь багш болон захирал удирдлага  хүүхдүүдийнхээ үзэл бодлыг сонсдоггүй. Хүүхдүүдээ харааныхаа хэрээр сэтгэдэг гэж доромжилсон. Хүүхдүүдийг сүрдүүлсэн. Бид жилийн өмнөөс сургуулийн захиргаанд шаардлага хүсэлт илэрхийлсэн боловч тэр бүгдийг биелүүлээгүй. Тухайлбал сурагчид  сургуулийнхаа мэдээлэл зүйн багшийг чадваржуулах хүсэлтийг тавьсан. Мэдээлэл зүйн багш 0 хараатай хүүхдүүдтэй ажиллаж чадахгүй, тусгай программ дээр ажиллаж мэдэхгүй байна. Мөн манай сургуулийн англи хэлний багш сургууль гэдэг үгийг буруу хэлээд л явж байна.

 

Бид ийм ур чадвартай багш нараар хичээл заалгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж, багш нарынхаа ур чадварыг сайжруулах хүсэлтийг БСШУСЯ болон Хараагүйчүүдийн үндэсний холбоонд явуулсан. Тодорхой хариу ирээгүй тул бид өнөөдөр хэний ч шахалтаар биш өөрсдийн хүсэлтээр хичээл хаялтыг зарлаж байна” хэмээв.

 

 

Тус сургуулийн Түүх, нийгмийн ухааны багш Д.Сарантөгсийг сургуулийн захирлын тушаалаар энэ сарын 1-ний өдрөөс ажлаас нь чөлөөлжээ. Сурагчид ёс зүйгүй гэх худал үндэслэлээр багшийг нь халсан. Иймд эргүүлэн ажилд нь оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв.

 

Харин 116 дугаар сургуулийн захирал “Д.Сарантуяа багш хөдөлмөрийн гэрээ зөрчсөн, сургууль хамт олны нэр хүндийг олон удаа унагасан. Үймүүлэх үйл ажиллагагааг удирдан зохион байгуулсан учраас ажлаас нь халсан. Гэтэл өөрийн эрх ашгийн төлөө худал гүжирдэж хүүхдүүдийг ашиглаж байгаад нь харамсч байна. Багшийн ёс зүйг ноцтой зөрчиж, дунд ахлах ангийн сурагчдын ирээдүйг бодолгүй өөрийн эрх ашгийн төлөө ингэж байгаа нь харамсалтай юм.Сургуулийн сурагчдын зөвлөлөөс сургалтын чанарыг сайжруулах хүсэлт тавьж байсан. Сургуулийн захиргаа сурагчдын төлөө их зүйл хийсэн. Гэвч өнөөдөр ингэж гүжирдүүлж байгаадаа гомдолтой байна” хэмээв.

 

Хичээл хаялтад тус сургуулийн ахлах, дунд ангийн 10 гаруй сурагч оролцож байна.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
Ц.:
Энэ хүүхдүүдийг хэн гэгч хувийн ашиг сонирхолдоо ашиглаад байна. Одоо болих хэрэгтэй. Энэ хүүхдүүдийг хичээлээ хаяж байгаад үнэхээр их харамсаж байна.
2017-05-10