Цэцэрлэгүүд мэргэжлийн хяналтын шалгалтад бүдэрчээ

img

Гэрэл зургийг mpa.mn


Өнөөдөр НМХГ-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 52, төрийн бус өмчийн 70 нийт 122 цэцэрлэгийг шалгажээ.

 

Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны илчлэг, шимт бодисын хэмжээнд дүгнэлт өгөх зорилгоор төрийн өмчийн 35 цэцэрлэгийн өдрийн хоолноос дээж авч шинжлүүлэхэд хоолны нийт илчлэг 1928-2628.3 ккал буюу норм хэмжээнд байгаа ч, шимт бодисын хэмжээ нь бүрэн хүрэхгүй байна.


Хяналт шалгалтаар дараах зөрчлүүдийг илрүүлжээ.  


1. Сонгинохайрхан дүүргийн 176, 156, 188, Багануур дүүргийн 132, Баянзүрх дүүргийн 45, 115, Сүхбаатар дүүргийн 150 дугаар цэцэрлэгүүд нь гэр бүлэг нээж ажиллуулахдаа сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд нэмэлт өөрчлөлт оруулаагүй. 


2. Төрийн бус өмчийн 34 цэцэрлэгийн / Сүхбаатар дүүргийн Цасан гоо, Хан-Уул дүүргийн Нарны хаан хүүхдүүд, Хүүхдийн ивээл, Баянзүрх дүүргийн Булганзул, Жаргалан, Баянгол дүүргийн Шүтээн үрс, Хатан манцуй, Буман жаалууд гэх мэт/ эрхлэгч нар нь мэргэжлийн бус хүмүүс. 


3. Шалгалтанд хамрагдсан төрийн бус өмчийн цэцэрлэгийн 72 хувь нь мэргэжлийн багшгүй, 59 хувь нь багшлах эрхгүй, 56 хувь нь туслах багшийн сургалтанд хамрагдаагүй багш нар ажиллаж байна. 


4. Хан уул дүүргийн 27 дугаар цэцэрлэгийн барилга 2015-2016 оны хичээлийн жилд шинээр өргөтгөл баригдсан боловч барилгын зарим хэсэгт суулт өгч цууралт үүссэн. Мөн барилга шинэчлэн баригдсантай холбогдуулан 2016-2017 оны хичээлийн жилд анги танхимын тохижилт үйлчилгээнд гэх зориулалтаар эцэг эхээс хууль бусаар 22 039 100 төгрөгийн хандив авч ашигласан. 


5. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн 30.8 хувь нь эдэлбэр газар хүрэлцээгүй, 33.3 хувь нь сургалтын зориулалтын гадна тоглоомын талбай, тоног төхөөрөмж дутагдалтай, аюулгүй байдлыг хангаагүй.

6. Сүхбаатар дүүргийн Үзэм, Том жаал, Баянгол дүүргийн Мон-Эрин, Хан-Уул дүүргийн Буурай ээж цэцэрлэг нь үйлдвэрийн зориулалтай барьсан байрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулсан боловч барилгын төлөв байдалд дүгнэлт гаргуулаагүй байна. 


7. Хан-Уул дүүргийн 12 дугаар цэцэрлэгийн дээврийн хучлага төмөр зэвэрч цоорон бороо цасны ус нэвчснээс модон хийц ялзарч барилгын бат бөх чанарт сөргөөр нөлөөлөх болсон, ангиудын унтлага, ариун цэврийн өрөө, эрхлэгчийн өрөө, хөгжмийн заалны хана, тааз хөгцөрч мөөгөнцөртсөн. Баянзүрх дүүргийн 136 цэцэрлэгийн зоорийн давхарт зэргэлдээх байрнаас ус алдаж тааз хананд ус нэвчсэн. 


8. Шалгалтанд хамрагдсан цэцэрлэгүүдийн 66.6 хувь нь ангид бүлэгт нэг хүүхдэд ногдох талбай нь эрүүл ахуйн нормоос 1.5-2.2 дахин их, 25 хувь д нь угаагуур, суултуур ариун цэврийн байгууламж стандартад нийцэхгүй байна. Мөн цэцэрлэгийн нэг багшид ногдох хүүхдийн тоо 45-72 буюу хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлсэн байна.

9. Чингэлтэй дүүргийн 154-р цэцэрлэг нь Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл ОНӨААТҮГ-ын авто баазын дэргэд байрладагаас хүнд даацын машины дуу шуугиантай, утаа тортог ихтэй, Баянгол дүүргийн Мон –Эрин, Шүтээн үрс, 57, 157 дугаар цэцэрлэгийн гарах хаалга авто замын дэргэд байрладагаас авто замын хөдөлгөөний аюулгүй байдал алдагдсан. 


10. Шалгалтад хамрагдсан цэцэрлэгүүдийн гал тогооны 25 хувь нь механик агааржуулалтын системийн үйл ажиллагаа алдагдсан, 41.6 хувь д хүнсний агуулах эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, 25 хувь нь хүнсний агуулахад зориулалтын вандан тавиургүй, 33.3 хувь д нь хоол үйлдвэрлэлийн өрөөний технологи буруу байна.

 

Шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зөрчилтэй 70 газарт 20 405 000 төгрөгийн шийтгэвэр ногдуулж бүрэн барагдуулжээ. Мөн “Үзэм”, “Шүрэн цох” цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ