Зам тээврийн ослоор жилд 485 хүн нас баржээ

Дэлхий дээр хүнийг үхэлд хүргэж буй 20 шалтгааны наймдугаарт зам тээврийн осол ордог. Дэлхий дахинд жилд 1.3 сая орчим хүн зам тээврийн осол гэмтлээс болж амь насаа алддаг байна. Иймд Нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүр “Замын аюулгүй байдлын долоо хоног”-ийг зарладаг. Энэхүү долоо хоногийг манай улс “Хурдаа хасаж, амь насаа аваръя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яам, Зам тээврийн хөгжлийн яам, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч нар мэдээлэл хийлээ.
Манай улсад 2011-2016 оны сүүлийн зургаан жилийн хугацаанд зам тээврийн ослын улмаас 3224 хүний амь нас хохирч, 7542 хүн хүнд болон хүндэвтэр гэмтэл авсан байна. Үүнээс 300 хүүхэд зам тээврийн ослын улмаас амь нас хохирч, 224 хүүхэд хүнд хүндэвтэр байдлаар гэмтжээ.
Жилд манай улсад 100 гаруй мянган хүн зам тээврийн ослоор гэмтдэг. Үүний 20 орчим хувь буюу 2 мянга гаруй хүн алтан амиа алддаг гэсэн статистик мэдээ байна. Зам тээврийн осолд нийслэлд явган зорчигч, орон нутагт жолооч болон тээврийн хэрэгслээр зорчигч ихэвчлэн өртдөг ажээ.
Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь сайн хэрэг боловч завмын хөдөлгөөнд оролцох соёл алдагдаж, хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан хэлж байна. Тухайлбал өнгөрсөн 2016 ондзам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна. Улаанбаатар Дарханы чиглэлд илүү их осол аваар гардаг аж. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас уг чиглэлийн хоёр урсгалтай замыг дөрвөн урсгалтай болгож, цемент бетонон болгохоор ажиллаж байгаа юм байна.
Энэ жилийн зам тээврийн ослын тоо баримтыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн ослын дуудлага 8.2, бүртгэгдсэн осол 7.3 гэмтсэн хүний тоо 19.4, нас барсан хүний тоо 20.6 зэргээр осол зөрчлийн тоо буурсан үзүүлэлт гарчээ. Гэвч замын хөдөлгөөнд соёлтой оролцож, хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох зайлшгүй шаардлага бийг мэргэжилтнүүд хэлж байна.
Жолооч автомашины хурдаа нэг километр цагийн хурдаар багасгахад нас баралтын тоог 5-6 хувиар бууруулах боломжтой аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ