Хөх ордны шинэ эзэн Мун Жэй Ин

img

Хөх ордны дараагийн тэргүүнээр Мун Жэй Ин тодорлоо. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Хөх ордны шинэ эзэн

 

Өмнөд Солонгосын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Ын Хэ авлигын дуулианы улмаас албан тушаалаасаа огцорсон билээ. Тус улсын Үндсэн хуулийн цэц санал нэгтэйгээр Ерөнхийлөгчөө буруутай хэмээн үзэж, суудлаас нь түлхэн унагаасан юм. Пак Ын Хэ хугацаанаасаа өмнө огцорсон учир тус улсад Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийг өчигдөр зохион байгуулсан. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд 15 улстөрч нэр дэвшсэн нь түүхэндээ байхгүй өндөр үзүүлэлт аж.Гэхдээ энэ нэр дэвшигчдээс тоотой хэд нь ард түмнийхээ дунд нэр хүндтэй гэхэд болно. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас сөрөг хүчин “Тобуро” намын дарга, улстөрийн арвин туршлагатай Мун Жэй Ин бусад өрсөлдөгчөөсөө рейтинг өндөртэй явсан.

 

Тэрбээр улстөрч болоод 20 гаруй жилийн хугацаа өнгөрөгч байгаа ч авлига болон бусад асуудалтай нэр холбогдож яваагүй нэр цэвэр цөөн улстөрчийн нэг гэнэ. Мун Жэй Ины рейтинг сонгуулийн санал хураалт дуусах хүртэл өндөр байсан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ. Өмнөх тэргүүндээ итгэл алдсан солонгосчуудын хувьд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцох болов уу, хэнийг дараагийн тэргүүнээрээ сонгох бол гэх мэт асуудал олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж байсан. Тэгвэл солонгосчууд сонгуульдаа тун идэвхтэй оролцож, Хөх ордны дараагийн эзнийг амжилттай сонгожээ.Тус улсад сонгуулийн насны 42 сая иргэн бий. Эдгээр иргэний 77.2 хувь нь саналаа өгч, иргэний үүргээ биелүүлжээ.

 

Эхнэрийн хамт

 

Саналаа өгсөн нийт иргэдийн 41.1 хувийн саналыг “Тобуро” намын дарга Мун Жэй Ин авч, үнэмлэхүй ялалт байгууллаа. Түүний гол өрсөлдөгч “Консерватив” намаас нэр дэвшсэн Хон Жү Пью 25.2 хувь, “Ардын”намаас нэр дэвшигч Ан Чел Сү 21.4 хувийн санал авч удаалжээ. Саналаа өгсөн идэвхи 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийнхтай харьцуулахад 2.1 хувиар илүү байсан гэнэ. Орон даяар 14 мянган сонгуулийн байр ажилласан бөгөөд 8.00-20.00 цаг хүртэл иргэдийн саналыг авчээ. Мун Жэй Ин ялалт байгуулсан гол шалтгааныг барууны хэвлэлүүд “Хойд Солонгостой харилцаагаа сайжруулна гэх амлалт” гэж тайлбарлажээ. Тэрбээр сонгуулийн үеэр “Хойд Солонгос улстай дайсагнахгүй зөвхөн энхийн аргаар яриа хэлэлцээр хийнэ. Хоёр орны удирдлагуудын дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж, Солонгосын хойгийг заналхийлж буй Пхеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийнэ” гэж мэдэгдсэн юм.

 

Тус улсын 19 дэх Ерөнхийлөгч Мун Жэй Ин Хойд Солонгостой дайсагнах нь хэтэрхий эрсдэлтэй гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэсэн. Мөн төрийн тэргүүнийг огцруулах хэмжээний чадалтай авлигын асуудлыг цэгцлэхээ амлаж, улстөрчид авлигаас ангижрах хэрэгтэйг анхааруулсан юм. Мун Жэй Ин өнөөдөр үүрэгт ажлаа хүлээн авчээ.

 

Пак Ын Хэг огцорсоны дараахан тус улсын Ерөнхий сайд Хван Гё Ан түр Ерөнхийлөгчөөр давхар ажилласан юм. Тэрбээр дараагийн тэргүүн сонгогдсон учир үүрэгт ажлаа Мун Жэй Инд шилжүүлэн өгчээ.

 

Хөх ордны шинэхэн тэргүүний талаар сонирхуулахад тэрбээр 1953 оны нэгдүгээр сарын 23-нд айлын ууган хүү болж мэндэлжээ. Түүний эцэг, эх Хойд Солонгосынх аж. Ерөнхийлөгчийн эцэг, эх 1950 оны эхээр Хойд Солонгосоос зугтааж, Өмнөд Солонгост ирсэн байна. 1970 оны дундуур тэрбээр оюутан байхдаа авлигын хэргээр хоригдож буй Пак Ын Хэгийн эцэг Пак Жон Хиг огцрох жагсаалыг удирдан зохион байгуулж явжээ.

 

Тэрбээр тусгай албанд алба хааж байжээ

 

Мун Жэй Ин хуульч мэргэжилтэй бөгөөд хүний эрхийн төлөө тэмцэгч гэдгээрээ ард түмнийхээ дунд алдартай. Хуульч болохоосоо өмнө Өмнөд Солонгосын тусгай хүчинд алба хааадаг байжээ. Түүнийг намын нөхөд нь “Бие болон сэтгэлийн хатуужилтай” гэж үнэлдэг. Түүний улс төрийн амьдрал 2000 оноос эхлэлтэй. Тэрбээр 2000 оны эхээр Ерөнхийлөгч асан Ким Дэ Жуны удирдлага дор Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм.

 

 

Тэрбээр Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Хойд Солонгосын талаарх “Нарны бодлого”-ыг хэрэгжүүлсэн юм. Уг бодлогыг хэрэгжүүлж байсан он жилүүдэд хоёр Солонгосын харилцаа тун найрсаг байсан бөгөөд энэ үед удирдагчдын дээд хэмжээний уулзалт хүртэл зохион байгуулагдсан түүхтэй. Мун Жэй Ин “Хойд Солонгосыг өдөөн турхирах нь хэтэрхий аюултай” гэх үзэл бодолтой нэгэн.  Гэхдээ Хойд Солонгос цөмийн туршилт хийсний хариуд “Нарны бодлого”-ыг хэрэгжүүлэхээ зогсоосон билээ.

 

Тэрбээр мөн Ерөнхийлөгч асан Но Му Хёны удирдлага дор 2007-2008 оны хооронд Тамгын газрын даргаар ажиллаж байсан юм. Тэрбээр даргын албан тушаалаасаа огцроод эрх баригч болоод буй “Тобуро” намаа тэргүүлэх болжээ. 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр намаа тэргүүлэн оролцсон боловч “Сэнүри” намаас нэр дэвшсэн Пак Ын Хэд хэдхэн хувийн саналаар ялагдал хүлээсэн юм. Хойд Солонгосын цөмийн заналхийлэл болон пуужингийн довтолгооноос хамгаалах зорилгоор АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгосын хил орчимд пуужингаас хамгаалах “ТХААД” төхөөрөмжийг байршуулсан билээ.

 

“ТХААД” төхөөрөмжийг хил орчим байршуулсан явдлыг Бээжин эрс буруутгаж, Сөүлийн эсрэг хатуу эдийн засгийн хориг тавих болсон юм. Мөн Пхеньян дургүйцлээ илэрхийлэн зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийнэ хэмээн Сөүлийг заналхийлээд байна. “ТХААД” төхөөрөмжийг байршуулахыг Мун Жэй Ин эсэргүүцэж байсан юм.Тэрбээр “ТХААД” төхөөрөмжийг байршуулах саналыг хэн гаргасан гэдгийг тогтоох болно. Мөн АНУ-тай харилцах харилцаагаа эргэн харна” гэж мэдэгджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ