Хөх ордны шинэ тэргүүн Хойд Солонгост айлчлахад бэлэн гэв
2017-05-11

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Хойд Солонгост айлчлахыг хүсчээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Өмнөд Солонгосын 19 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Мун Жэй Ин өнөөдөр албан ёсоор тангарагаа өргөж, ажлаа хүлээн авлаа. Тэрбээр парламентын танхимд зочилж, үг хэлэхдээ “Миний айлчлах анхны улс Хойд Солонгос улс байгаасай хэмээн хүсч байна. Би Хойд Солонгос улсад зочилж, хоёр улсын дунд үүсээд буй таагүй нөхцөл байдлыг намжаахыг хүсч байна” гэсэн юм. “Хойд Солонгостой дайсагнах нь хэтэрхий эрсдэлтэй” хэмээн тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр мэдэгдсэн юм. Тэрбээр төр барьж байх хугацаандаа Хойд Солонгостой зөрчилдөхгүйгээр нэг нэгэндээ итгэл хүлээлгэх замаар илүү ойр дотно болох зорилготой байна.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Солонгосын хойгт явуулж буй бодлогоос болж хоёр Солонгос дайсагнахад хүрээд байна. Хэрвээ “Пхеньян зургаа дахь удаагаа цөмийн туршилт хийвэл Солонгосын хойгт хэзээ дуусах нь тодорхойгүй дайн дэгдэнэ” хэмээн олон улс үзэж буй юм. Цөмийн туршилт хийсэн тохиолдолд Вашингтон ямар ч сануулга өгөхгүйгээр Пхеньян руу гал нээхээ өнгөрсөн сард мэдэгдсэн.

 

Вашингтон удаа дараа Хойд Солонгосыг өдөөн турхирсан үйлдэл ар араасаа гаргах болсон. “Мичиган” нэртэй цөмийн шумбагч онгоцоо Өмнөд Солонгосын Бусан хот руу илгээсэн мөн Өмнөд Солонгосын хил дээр пуужин эсэргүүцэгч “ТХААД” төхөөрөмжийг угсарсан. Цэргийн сургуулилт хийх нэрийдлээр нисэх онгоц тээвэрлэгч “Карл Винсон” хөлгөөр ахлуулсан байлдааны хөлгүүдээ Японы тэнгис рүү илгээгээд байна.

 

Трамп мөн Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Уныг “ухаалаг бялуу” хэмээн мэдэгдэж, үг болон үйдлээрээ өдөөн турхирч буй юм. “Хоёр Солонгосын харилцааг сайжруулна” гэх амлалтаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад буй Мун Жэй Ин өчигдөр Цагаан ордны тэргүүнтэй утсаар холбогдож, олон улсын анхаарлыг зүй ёсоор татаж буй зарим асуудлыг хэлэлцсэн билээ.

 

 

Удирдагчид хагас орчим ярилцсан бөгөөд уг ярианы гол сэдэв яах аргагүй Хойд Солонгосын цөмийн заналхийллийн талаар байв. Мун Жэй Ин “Солонгосын хойгтой холбоотой бүс нутгийн аюулгүй байдлын талаарх асуудлуудыг шийдвэрлэхэд Өмнөд Солонгос болон АНУ-ын харилцаа тогтвортой байх нь хамгийн чухал” гэсэн Трамп Хойд Солонгосын цөмийн асуудал их төвөгтэй. Гэхдээ энэ ауудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой. АНУ, Өмнөд Солонгосын дэмжлэгээр уг асуудлыг шийдвэрлэх боломжтой билээ” гэж мэдэгдсэн байна. Уг утасны дуудлагын төгсгөлд Трамп, Хөх ордны шинэ тэргүүнийг АНУ-д төрийн дээд хэмжээний айлчлал хийхийг албан ёсоор урьжээ.

 

Өмнөдийн хил дээр байршаад буй пуужин эсэргүүцэгч “ТХААД” төхөөрөмжөөс болж Сөүл, Бээжингийн харилцаа муудаад байгаа юм.

 

Хэдий улстөрийн хувьд тогтворгүй харилцаатай байгаа ч боловч БНХАУ-ын дарга Си Зиньпин Хөх ордны шинэ тэргүүнд баярын цахилгаан илгээсэн байна. Си дарга “Харилцан ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгджээ. Мун Жэй Ин сонгуулийн кампанит ажлынхаа үеэр уг “ТХААД” төхөөрөмжийг хил дээр байршуулахыг эрс эсэргүүцэж байсан юм.

 

Энэхүү төхөөрөмжөөс болж Өмнөд Солонгос хамгийн том худалдааны түнш болох БНХАУ-тай харилцаа муудсан бол Хойд Солонгосоос ирэх заналхийлэл хэд дахин ихэссэн талаар дурьдсан. Тэрбээр уг төхөөрөмжийг эргүүлэн татахаар шийдвэрлэвэл мөн АНУ-тай сөргөлдөхөд хүрнэ.

 

Ерөнхийлөгч Мун Жэй Ин уг маргааныг амжилттай шийдвэрлэж чадвал дараагийн алхмаа хийхэд илүү хялбар гэдгийг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна. “ТХААД” төхөөрөмжийг эргүүлэн татсанаар Сөүл, Бээжин, Токиотой харилцаагаа сайжруулж, Пхеньянтай хэлэлцээр хийх боломжтой. Гэхдээ Сөүл дээрх шийдвэрийг гаргасанаар Вашингтоноос асар их зэмлэл хүртэх нь ойлгомжтой юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Zuv hyn ba
2017-05-12
Зочин:
Ene hunii uzel bodol mash zuv bnaa...2 korea daisagnaltsaj bish heleltsej oilgoltsoj enh taivanaar zeregtsen orshino, dain garlaa geed 2 Korea tudiigui l hajuu havirgani uls orond ch balagtai...America bol dunduur ni duvchignuhgui sarvuugaa tataj amaa hamhiad tsaashaa zugeer...
2017-05-11