“Цэнхэр халим”-ын талаар цагдаад мэдэгдэхийг зөвлөв
Бусдыг амиа хорлоход өдөөн турхирдаг гэх онлайнаар холбогдон тоглодог “Цэнхэр халим” тоглоомын тухай мэдээлэл цацагдаж, манай улсаас хийх хандалт нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
Одоогоор манай улсын цагдаагийн байгууллагад “Цэнхэр халим” тоглоомтой холбоотой гомдол, мэдээлэл ирээгүй байна.
“Цэнхэр халим” гэх сошиал тоглоомын бүлгэмд элссэн гишүүдэд өдөр бүр тусгайлсан даалгавар өгдөг. Уг даалгавар нь тухайн хүний бие мах бодь болон сэтгэл санаанд онц хүнд ноцтой хохирол учруулах даалгавар байдаг аж. Хамгийн сүүлд тухайн хүнийг амиа хорлоход хүргэх даалгавар өгдөг байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагчид өсвөр насны хүүхдийнхээ интернет хэрэглээнд хяналт тавьж, сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн тохиолдолд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөв.
Энэ тоглоом нь ОХУ-аас гаралтай бөгөөд 2015.11 сараас 2016 дөрөвдүгээр сар хүртэл хугацаанд 130 өсвөр насны хүүхэд амиа хорлосон мэдээлэл байна. Дээрхи хүүхдүүд ижил төрстэй сошиал бүлгэмд гишүүнчлэлтэй байжээ.
Мөн Казахстан улсад энэ тоглоомын улмаас 50 хүүхэд амиа хорлосон гэх мэдээлэл байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ