Улаанбаатар-Дарханы замд осол их гардаг

Сүүлийн 5 жилийн хугацаанд /2012-2016 оны/ хурд хэтрүүлсэн зам тээврийн ослын улмаас 442 хүний амь нас хохирсны 338 буюу 76,5 хувь нь орон нутагт үйлдэгдсэн байна.
Иймд Замын цагдаагийн албаас баруун, зүүн чиглэлийн зам тээврийн осол, хэрэг гарч болзошгүй, эрсдэлтэйд тооцогддог улсын болон орон нутгийн чанартай авто замуудад шинэ загварын "Dahua" маркийн зөөврийн хурд хэмжигч багажийг ашиглан хяналт, шалгалтыг явуулж эхэлжээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд хяналт шалгалтаар 1 цагийн дотор хурд хэтрүүлсэн 5 зөрчлийг илрүүлж, газар дээр нь шалгаж тогтоон, ЗХАБТХ-ийн 41 дүгээр зүйлийн 41.2 дах хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцон ажилласан байна. Цаашид зөөврийн хурд хэмжигч багажыг ашиглан орон нутгийн замд хяналт, шалгалтыг тогтмол явуулах аж.
Сүүлийн жилүүдэд аймгийн төвүүдэд хатуу хучилттай авто зам ашиглалтад орсон нь олон талын ач холбогдолтой боловч жолоочид хурд хэтрүүлэх тохиолдол нэмэгдэж хүний амь нас хохирох явдал буурахгүй байгааг албаныхан мэдээлсэн. Тухайлбал өнгөрсөн 2016 онд зам тээврийн ослын улмаас 485 хүн нас барсны 72.5 хувь буюу 352 нь орон нутгийн замд осолдсон байна.
Харин 2017 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд дээрх шалтгаанаар гарсан зам тээврийн 176 осол бүртгэгдсэн нь нийт гарсан ослын 1,24 хувийг эзэлж байгаа тоон үзүүлэлт байна.
Албаны мэдээллээр Улаанбаатар Дарханы чиглэлд илүү их осол аваар гардаг аж. Тиймээс Зам тээврийн хөгжлийн яамнаас уг чиглэлийн хоёр урсгалтай замыг дөрвөн урсгалтай болгож, цемент бетонон болгохоор ажиллаж байгаа юм байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ