Шувуудад зориулан 1500 гаруй үүр бүтээжээ

БОАЖЯ, Байгаль хамгаалах 1629 нөхөрлөлийн холбоотой хамтран “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэнг өнөөдөр /2017.05.12/ Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нээлээ. Үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол нарын албаны хүмүүс оролцов.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн чуулган болсон. Уг чуулганд оролцсон 800 орчим төлөөлөгчийн хийж авчирсан 1500 гаруй шувууны үүрийг үзэсгэлэнд дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн үеэр Нийслэлийн 48 дугаар сургуулийн 50 гаруй хүүхдэд шувууны үүрний дээжээс бэлэглэн тэдний амьтан, байгаль дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмэр орууллаа.
Тус үзэсгэлэн нь энэ сарын 12-13 өдрүүдэд Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд нээлттэй байршина.
Манай оронд жил бүр 60 орчим зүйлийн 7900 орчим шувуу цахилгаан түгээх шугамд цохиулах зэргээр хорогддог статистик мэдээ бий. Иймд шувуудын хорогдлыг бууруулах зорилгоор үзэсгэлэнд дэлгэсэн үүрийг байршуулах ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ