
Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон НҮБ-ын Хүн амын сантай 2012-2016 онд хамтран хэрэгжүүлэх орны хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Гадаад харилцааны яамны “Мутрын түшээ” танхимд болов. Төлөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Г.Занданшатар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Аржентина Матавел нар гарын үсэг зурав.
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Суурин төлөөлөгчийн газартай 2011 оны 3 дугаар сарын 17-нд гарын үсэг зурж баталгаажуулсан “НҮБ-аас 2012-2016 онд Монгол Улсад үзүүлэх хөгжлийн тусламжийн хүрээ” баримт бичгийн хүрээнд НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагууд ирэх 5 жилд өөрсдийн чиглэлээр хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, хүлээгдэх үр дүнг тодорхойлсон орны хөтөлбөрүүдийг боловсруулаад байна. Үйл ажиллагааны эдгээр төлөвлөгөөг боловсруулахад манай холбогдох яамд, иргэний нийгмийн байгууллагууд идэвхитэй хамтран оролцсон бөгөөд Монгол Улсын хөгжлийн зорилтууд, түүний дотор Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэхэд орны хөтөлбөрийн үйл ажиллагааны эдгээр төлөвлөгөө чухал хувь нэмэр оруулах юм.
Ирэх 5 жилд хэрэгжих төлөвлөгөөнд тусгагдсанаар НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь 1/ Ядуурлыг бууруулах ба МХЗ-д хүрэх, 2/ Ардчилсан засаглал, 3/ Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил зэрэг 3 гол зорилгын хүрээнд манай улстай хамтран ажиллах бөгөөд нийт 28 сая ам. долларын өртөг бүхийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ. НҮБ-ын Хүн амын сан нь 1/ Хүн ам ба хөгжил, 2/ Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, 3/ Жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг 3 зорилгын хүрээнд 14 сая ам. долларын санхүүжилттэй төслүүд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ