Монголын үзэсгэлэнгийн павилон Биенналид нээгдэв

img


Италийн эртний Венеци хотноо хоёр жил тутамд зохион байгуулагддаг орчин үеийн урлагийн бүтээлийн олон улсын Биеннали үзэсгэлэн энэ сарын 11-нд албан ёсоор нээлтээ хийв.

 

Уг арга хэмжээнд Монгол Улсаас Итали Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Жамбалдорж албан ёсоор нээж үг хэллээ. Тэрбээр Бинналигийн Үндэсний комиссар, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын мэндчилгээг уламжилж, Монгол Улсын Засгийн газар, бизнес эрхлэгчид уг үзэсгэлэнд өндөр ач холбогдол өгч, зохион байгуулагчид хийгээд уран бүтээлчдээ дэмжсэнийг онцлон тэмдэглэв.

 

1895 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн энэхүү наадам нь дэлхийн контемпорари урлагийн хамгийн нэр хүндтэй том үзэсгэлэн болоод зогсохгүй, эдүгээ түүний эргэн тойронд театр, кино, хөгжмийн наадам ч зохиогддог болж, урлагийн нүсэр том баяр гэж дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөөд байна.

 

Анх Венец хотын зөвлөлөөс зөвхөн Италийн урлагийн үзэсгэлэн маягаар эхэлж байсан бол XX зуунаас, тухайлбал 1907 оноос эхлэн, бусад улс орон сонирхон, анх Бельги улс павильоноо нээснээр олон улсын шинжтэй болжээ. Харин 1920 оноос эхлэн тухайн үеийн хамгийн нэр хүндтэй уран бүтээлчид оролцож эхэлсэн бөгөөд 1910 онд Густав Климт тусгай өрөө захиалан уран бүтээлээ үзүүлсэн бол Пьер-Огюст Ренуар нэг хүний шоу үзүүлж, удалгүй Густав Кюрбе, Пикассо нарын ч бүтээл тавигдсан юм. Үүнээс хойш орчин үеийн урлаг хөгжүүлсэн улс бүр өөрийн павилоныг нээхийг хичээх болж, 1914 он гэхэд Бельги, Унгар, Герман, Их Британи, Франц, Орос улс тус тус павилонтой болжээ.

 

Харин Монгол Улс 2015 онд анх удаа гурван уран бүтээлчтэйгээр оролцсон бол энэ жил үзэсгэлэнг зохион байгуулагч “Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо”-ны тэргүүн Б.Гантуяа, Улаанбаатар хотын Засаг даргын Нийгмийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, үзэсгэлэнгийн уран сайхны удирдагч Тесса Жексон, куратор Ё.Далх-Очир, уран бүтээлч Ш.Чимэддорж, О.Энхтайван, Г.Мөнхболор, Ж.Болортүвшин, Ц.Даваажаргал нар болон ивээн тэтгэгч, дэмжигч 40 гаруй монголчууд нээлтэд оролцов.

 

2017 оны энэхүү үзэсгэлэн нь 57 удаагийнх бөгөөд дэлхийн 86 орон үзэсгэлэнгийн танхимаа байгуулан оролцож байна. Үзэсгэлэн 5 дугаар сарын 10 наас 11 дүгээр сарын 20 хүртэл зургаан сарын хугацаанд зохион байгуулагдана.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ