100 жилийн ойд зориулсан номын нээлт боллоо

img

Сангийн яам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойдоо зориулан яамны зүгээс хэд хэдэн ном эрхлэн гаргаад байгаа. Тухайлбал Сангийн яамны түүхэн замналыг харуулсан “Хааны сангаас хөгжлийн сан хүртэл”, яамны түүхийн танин мэдэхүйд зориулан “Сангийн яамны 100 асуулт хариулт”, “100 жил-100 үйл явдал”, Сангийн сайд нарын намтар түүхийн ойллого, Сангийн яамны 2000 оноос хойшх түүх зэрэг номууд гараад байна. Түүнчлэн яамны газар, хэлтсүүд өөр өөрийн эрхлэх үйл ажиллагааны хүрээнд хэд хэдэн ном хэвлэн гаргасан бөгөөд Монголын ард түмэн, татвар төлөгчдийн хөрөнгөөр бий болсон бүтээн байгуулалтын ажлыг тоймлон өгүүлэл, он цагийн дараалал, гэрэл зураг, тоо баримтаар өгүүлсэн “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт—100 жилд” номыг Төсвийн бодлогын газрын Хөрөнгө оруулалтын хэлтсээс эрхлэн гаргалаа.  Харин ЗТБХАГ-аас Монгол улсын нийгэм эдийн засгийн хөгжилд гадаадын зээл тусламжийн гүйцэтгэсэн үүрэг, бодлого зорилт болон өнгөрсөн 20 жилийн хугацааны ололт амжилт, түүхэн баримтуудыг харуулсан “Монгол улсад зээл тусламжийн тогтолцоо бүрэлдсэн нь” номыг гаргасан юм. 100 жилийн ойн босгон дээр эдгээр номны нээлтийн үйл ажиллагааг Сангийн яаман дээр зохион байгууллаа. “Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт—100 жилд” номонд Богд хаант Засгийн газрын үед хааны сангаас хийгдэж байсан хөрөнгө оруулалтын ажлаас эхлэн орчин цагийн Монгол Улсын шилдэг бүтээн байгуулалтын ажлуудыг багтаасны дээр тэдгээр ажлыг гүйцэтгэсэн үндэсний компаниудын талаарх мэдээллийг бас тусгасан байна. Шинэ тулгар Монгол Улсын Сангийн яам анх байгуулагдаж байх үеэс өнөөг хүртэлх түүхэн хугацаанд цаг үеийн бэрхшээлийг даван туулах маягаар төсвийн хөрөнгө оруулалтын бодлого чиглэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд улс орны ирээдүйн хөгжил, дунд болон урт хугацааны зорилтуудыг хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, дэд бүтэц нийгмийн салбарыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа билээ. Улсын хөрөнгө оруулалтаар бүх сумдыг эрчим хүчний эх үүсвэртэй болгох, эрчим хүчний хангамж, найдвартай ажиллагааг сайжруулах, дулааны цахилгаан станцуудын техник, технологийг шинэчлэх, тээврийн дэд бүтцийг сайжруулж хатуу хучилттай авто зам, гүүр барих, хөдөө аж ахуйн хөгжилд зайлшгүй шаардлагатай худаг, уст цэг, услалтын системийг шинээр барих болон сэргээн засварлах, нийгмийн салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт түлхүү зарцуулагдсан нь үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн тохилог тайван амьдрах, сурч боловсрох орчинг бүрдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Цаашид төсвийн хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын орлого, ажлын байрыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт болон бусад нийгмийн үйлчилгээний чанарыг сайжруулах, нийгмийн хөгжлийг бүхэлд нь шинэ шатанд гаргахад улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого чиглэгдэх талаар Сангийн сайд С.Баярцогт ёслолын ажиллагааны үеэр номын мялаалганы үгэндээ дурдлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ