99 орны 124 мянган компьютер хакердуулжээ

img

 

Дэлхийн 99 орныг хамарсан кибер халдлага өнгөрөгч баасан гаригт болсон талаар “Avast”  компанийн удирдлагууд мэдэгдсэн билээ. Уг дайралтын гол бай Их Британи, АНУ, ОХУ, БНХАУ, Испани, Итали, Тайвань болон Украин улс байжээ. Эдгээр орнуудын томоохон компани болон байгууллагуудын хэрэгцээтэй мэдээллүүдийг хакерууд хакердаж, блоклосон байна.

 

Европын “Телефоника”, Их Британийн Үндэсний эрүүл мэндийн байгууллага, Америкийн “FedEx” тэргүүтэй 75 мянган байгууллагын мэдээллийг хакердахад хакерууд АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагаас хулгайлсан “Eternal Blue” гэх кибер зэвсгийг ашигласан хэмээн “Microsoft”  компани мэдээллээ.

 

ОХУ-ын Дотоод хэргийн яамны 1000 гаруй компьютер кибер халдлагад өртжээ. Энэхүү халдлагыг үйлдсэн этгээдүүд “WannaCry” хэмээх хортой кодыг өөрчлөн, сайжруулж тараажээ. “WannaCry” хэмээх мөнгө нэхдэг бөгөөд хортой код нь хэрэглэгчийн компьютер дээрх мэдээллүүдийг кодолдог байна. “Microsoft”  компани уг кибер халдлагыг зогсоохын тулд “windows”-ийн хувилбаруудынхаа аюулгүй байдлыг чангатгаж, програмын шинэчлэл хийсэн аж.

 

“Malware Tech” байгууллагын мэдээлснээр 124 мянган компьютер уг цахим халдлагад өртжээ. Хакеруудыг барихаар Европын Кибер гэмт хэргийн төв ажиллаж эхэлсэн гэнэ.  

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ