Таван төгсөгчийн нэг нь л мэргэжлээрээ ажилладаг

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын залуучуудын холбооноос “Төгсөгч 2017” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Уг хөдөлмөрийн яармагт 40 ажил олгогч 1200 гаруй нээлттэй ажлын байр зарлаж, ажилтан шалгаруулж авахаар оролцож байгаа юм.

 

Өнгөрсөн онд дээд боловсрол эзэмшсэн 30 мянга гаруй оюутны 6700 нь буюу 21 хувь нь тухайн жилдээ ажилд оржээ. Тэгвэл энэ хичээлийн жилд нийт 32 мянган оюутан их, дээд сургуулиа төгсөх бөгөөд өнөөдрийн өдөрлөгөөр тэднийг ажилд зуучлах ажлыг зохион байгуулж, зөвлөгөө мэдээлэл өгөх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

 

Монгол Улсын нийт хүн амын 35,5  хувийг, хөдөлмөрийн насны нийт иргэдийн 55 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна. 2016 оны байдлаар бүртгэлтэй ажилгүй иргэдийн  57,1 хувийг дээрхи  насны залуучууд эзэлж байгаагаас гадна их, дээд сургууль төгсөгчдийн 21,7  хувь нь буюу таван шинэ төгсөгч тутмын  нэг нь тухайн жилдээ  мэргэжлийн  дагуу ажилд ордог судалгаа  гарчээ.

 

Шинэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн  байдал хангалтгүй  үзүүлэлттэй байгаад  олон шалтгаан байгаагийн дотор тэдэнд ажлын байрны мэдээлэл дутмаг,  ажил хайх арга  барилд суралцаагүй  зэрэг асуудлууд тулгардаг байна. Иймд Монголын Залуучуудын холбоо 2014 оноос эхлэн "Төгсөгч" хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж ирсэн.

 

Хөдөлмөрийн яармагт хүрэлцэн ирснээр Солонгосын мэдээллийн төвөөс тус улсад сурах, ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой аж. Мөн өдөрлөгийн үеэр шилдэг танилцуулга  /CV/ шалгаруулах уралдааныг зохион байгуулж, шагнал гардуулах аж.  Энэхүү арга хэмжээ төгсөх ангийн оюутнууд болон их, дээд сургууль төгссөн ажил горилогчдод энэхүү арга хэмжээ нээлттэй  юм.

 

Хөдөлмөрийн яармагт "Монголын Залуучуудын хөдөлмөр эрхлэлт", "Монгол Улсын цагийн ажлын өнөөгийн байдал", "Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл" зэрэг сэдвээр мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч байна.  Мөн шинэ төгсөгчдөд зориулж ажлын ярилцлагад хэрхэн орох вэ, мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт, хувь хүний хөгжлийн чиглэлээр лекц зохион байгуулах аж.

 

Хөдөлмөрийн яармаг 10.00-18.00 цагийн хооронд  МЗХ-ны гадна талбайд болно.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

 

 

 

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ