Японы эзэн хааны ач охин жирийн залуутай хуримаа хийхээр төлөвлөж байна. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Японы сүр жавхлант эзэн хаан Акихитогийн ач охин гүнж Мако энэ долоо хоногийн эхээр сүй тавихаар болсноо зарласан билээ. Гүнжийн дурлалт залуу болох Кэй Комуро нь баян чинээлэг эсвэл удам угсаа сайтай айлын хүү бус хуулийн товчоонд ажилладаг жирийн гэр бүлээс гаралтай залуу байсан нь олны анхаарлыг татсан гэхэд болно. Хос 2012 онд “Christian University” их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд саяхныг хүртэл болзож байжээ. Өдгөө 25 настай гүнж Мако хунтайж Акишиногийн том охин билээ. Гүнж жирийн залуутай хуримаа хийх нь олны анхаарлыг татаж байгаа боловч хайрынхаа төлөө хэргэм зэргээсээ татгалзахаар болсон нь япончуудыг гайхшруулж байна.
Японы эзэн хааны гэр бүлийн хуулийн дагуу жирийн иргэнтэй гэр бүл болсон хаан удмын хүн бүх хэргэм зэргээ хураалгаж, хааны ордноос нүүдэг уламжлалтай. Эзэн хаан Акихитогийн ганц охин гүнж Саяко 2005 оны есдүгээр сард жирийн гэр бүлээс гаралтай, хот төлөвлөлийн мэргэжилтэн Ёшики Куродатай хуримаа хийсэн даруйдаа хэргэм зэргээ хураалгасан билээ.
2005 онд Ерөнхий сайд асан Жуничиро Койзуми олон мянган жилийн турш тогтон ирсэн уг хатуу уламжлалыг халах санал гаргасан боловч парламентын дэмжлэгийг авч чадаагүй юм. Жил ирэх тусам хааны гэр бүлийн гишүүдийн тоо багасч байна. Японы эзэн хааны гэр бүл ердөө 19 гишүүнтэй билээ. Эдгээр гишүүдийн 14 нь эмэгтэй гэнэ. Эмэгтэй хүн тус улсын хаан ширээнд залрахыг хориглодог аж.
Гүнжийн зүрхийг булаагаад буй Кэй Комуро хэвлэлийнхэнд “Одоо миний тайлбар хийх цаг биш. Би зөв гэсэн цагтаа энэ талаар байр сууриа хүргэх болно. Намайг уучлаарай. Би өөр зүйл ярьж чадахгүй” гэж хэлжээ. Хэвлэлийнхэн залуугаас яриа авахын тулд гэр болон ажлынх нь гадна өдөржин, шөнөжин хүлээж, алхам бүрийг нь мөрдөх болсон байна. Хос их сургуульд анх уулзсан бөгөөд аялал жуучлалын “Далайн хунтайж” компанид хэсэг хугацаанд хамт ажиллах хугацаандаа дотноссон гэнэ. “Мако гүнж сүй тавихаар болсон” гэдгийг Японы Эзэн хааны ордон баталсан боловч хэзээ болох талаар мэдээлэл хийгээгүй юм. Гүнж нухацтай шийдвэрээ гаргахгүй бол ганцхан өдрийн дотор бүх зүйлээ алдах эрсдэлтэй.
Мако гүнжээс гадна хуримаа хийгээгүй зургаан гүнж байгаа билээ. Жирийн иргэнтэй гэрлэсэн гүнжүүдийн хэргэм зэргийг хураахгүй, эзэн хааны гэр бүлд үлдэхийг нь зөвшөөрөхийг олон нийт шаардаж байна. “Kyodo” агентлаг “Эмэгтэй хүн хаан ширээг залгамжлан авахыг дэмжих үү” гэх санал асуулга зохион байгуулжээ. Саналаа өгсөн нийт иргэдийн 80 орчим хувь нь “Тийм” хэмээн хариулжээ. “Японы эзэн хааны гэр бүл зарим нэг уламжлалаасаа татгалзах цаг ирсэн” гэх дүгнэлтийг иргэд гаргасан байна.
Энэхүү хуримаас гадна эзэн хаан Акихито өнгөрсөн наймдугаар сард өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ буух хүсэлтээ гаргасан. Тэрбээр биеийн эрүүл мэндийн улмаас дараагийн залгамжлагч ханхүү Нарүхитод шилжүүлэн өгөх хүсэлт гаргасан юм. Ханхүү Нарүхитогаас гадна хаан ширээг ханхүү Фүмихито болон түүний хүү ханхүү Хисахито залгамжлах боломжтой юм.
Японы Засгийн газар эзэн хаан Акихитог хаан ширээнээсээ бууж, дараагийн угсаа залгамжлагчдад эрх мэдлээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг баталсан талаар тус улсын Ерөнхий сайд Шинзо Абе сая мэдэгдлээ. Тус хуулийн төслийг өнөөдөртөө багтаан парламентад өргөн барих аж. Уг хуулийн төслийг ирэх сарын дундуур гэхэд батлах гэнэ. Энэхүү хуулийн төслийг парламентаас баталбал эзэн хаан Нарүхито ирэх 2018 онд албан ёсоор хаан ширээнд залрах юм.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |