Б.Амарсайхан “Оскар”-ын эзэн боллоо

Монголын кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын "Ocкар” буюу "Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа энэ сарын 19-нд Корпорейт Конвеншн Центрт болж, өндөрлөлөө. Энэхүү наадмыг кино уран бүтээлчид "Монгол Оскар" хэмээн нэрлээд буй. Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 кино уран бүтээлээс 12 кино, 14 номинацид өрсөлдөж шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан байна.
Тус наадмын шилдэг 14 номинацийн эздийг танилцуулъя.
Шилдэг нүүр хувиргагч
- Ц.Дэлгэр / Бүү март УСК /
Шилдэг дууны найруулагч
- Б.Билгүүтэй / Үргээлэг-2 УСК/
Шилдэг хөгжмийн зохиолч
- Б.Одбаяр / Итгэл УСК /
Шилдэг туслах эмэгтэй дүр
- У.Уранчимэг / Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг туслах эрэгтэй дүр
- Ц.Төмөрхуяг / Ээж УСК /
Шилдэг зураглаач
- Д.Ангараг /Атганд үлдсэн эрдэнэ УСК /
Шилдэг зураач
- Н.Батжаргал / Бүү март УСК /
Шилдэг зохиол
- Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК/
Шилдэг найруулагч
- Ж.Сэнгэдорж / Lovers УСК /
Шилдэг эмэгтэй гол дүр
- Д.Мэндбаяр / Ээж УСК /
Шилдэг эрэгтэй гол дүр
- Б.Амарсайхан / Итгэл УСК /
Шилдэг хувцас дизайн
- П.Бэрхээдэй / Өртөө УСК /
Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээл
- “Цагаан хадаг” УСК
Шилдгийн шилдэг уран бүтээл
- “Итгэл” УСК
"Cinema Awards” кино наадмын 2016 оны шилдгийн шилдэг кино уран бүтээлээр жүжигчин СТА Б.Амарсайханы зохиол, түүний гэргий С.Уран нарын хамтын бүтээл "Итгэл” уран сайхны кино шалгарлаа. Мөн "Итгэл” уран сайхны киноны гол дүрд тоглосон жүжигчин Б.Амарсайхан шилдэг эрэгтэй гол дүрийн эзнээр тодорсон бол "Шилдэг хөгжим" шагналыг “Итгэл” киноны уран бүтээлчид мөн хүртэв.
Тус киноны уран бүтээлчид АНУ-ын Лос-Анжелес хотноо өнгөрсөн оны аравдугаар сард болсон “Азийн шилдэг кино" фестивалийн “Audience Award” буюу “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналын эзэн болж байсан. Энэ удаад эх орондоо анх удаа зохион байгуулагдсан “IMAX Синема авардс 2017” наадмаас шагнал хүртэж амжилтаа бататгалаа.
Тус киноны зохиолыг МУСТА жүжигчин Б.Амарсайхан дүүгийнхээ амьдралаас сэдэвлэн бичсэн. Одоогоос бараг жил гарангийн өмнө жүжигчин Б.Амарсайхан өнөөгийн Монголын нийгэмд дутагдаад буй хүн хоорондын хүндлэлтэй харилцаа, өөрийн хувь заяаныхаа эзэн нь байж, маргааш өнөөдрөөс илүү сайхан болно гэсэн итгэл, тэр итгэлийн тулах цэгээрээ бүхнийг сөрөн гарч чаддаг орчин цагийн залуу "Эр хүний" тухай кино бүтээх хүсэлтэй байгаагаа ярьж зохиолоо анх продюссертоо танилцуулж байжээ. Зохиолоо бүхэлд нь базаад нийгэмд хүргэх гол санаа нь “Энэ хорвоог орхихын цагт чамайг юутай байснаар чинь биш хэн байсныг чинь дурсана” гэсэн ганцхан өгүүлбэрээр залуучуудад зөв зан чанарыг уриалсан байв. Түүнийг зохиолоо өөрийн биеэр продюсерын багт ярьж танилцуулахад хөрөнгө оруулах гэж буй киногоо яг л урьдчилаад үзчихсэн юм шиг санагдаж билээ хэмээн “Ай Фай Продакшн”, “Соёолон” группын хамт олон ярьсан.
Харин “Шилдэг эрэгтэй гол дүр” шагналын эзэн болсон жүжигчин СТА Б.Амарсайхан “Энэ киног хийж бүтээхэд том хувь нэмэр оруулсан продюсерууддаа баярлалаа. Киноны гол дүрийг зөвхөн гол дүр өөрөө авч явдаггүй. Туслах дүр, олны хэсэгт болон хамтран тоглосон бүх хүмүүстээ, бусад бүх уран бүтээлчдэдээ баярлалаа. Миний хувьд энэ кино наадам хамгийн мартагдашгүй сайхан дурсамж үлдээж байна. Өнөөдөр би П.Цэрэндагва гуайтай цуг нэг дэлгэцээр гарсандаа маш их бахархаж байна. Энэ мундаг хүнтэй өрсөлдөнө гэж хэзээ ч төсөөлж явсангүй. "Итгэл” уран сайхны киноны гол санаа бол залуучууд нийгмийн захиалга юм. Энгийн жишээ ярихад, сургуулиа, ажил мэргэжилээ сонгох, гэр бүл, найз нөхдийн нөлөөлөл байдаг ч гэсэн залуу хүн өөрийгөө сонсооч ээ. Чи өөрөө нийгмийн захиалга болохоосоо илүү өөрөө өөрийнхөө захиалга болж, өөрийнхөө дуртай юмыг хийж түүүгээрээ амжилт гаргаач ээ, хэзээ ч хэн нэгний цүнхийг битгий барьж яваарай. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийн төлөө яваарай гэсэн санаа бий. Мөн хүн юутай байсныг нь хэн ч дурсдаггүй, хэн байсныг нь дурсдаг. Энэ л гол санаа байсан” хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.
Өнгөрсөн оны аравдугаар сард “Итгэл” уран сайхны кино нээлтээ хийсэн. Киноны нээлтийн үеэр жүжигчин СТА Б.Амарсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Та анх удаа кино зохиол бичив үү?
-Зохиол бичсэн гэхэд ахдах болов уу. Ямартай ч санааг нь гаргалаа. Хүнд нэг өдрийн амьдрал хичнээн үнэтэй болохыг, маргааш үхэх болвол хүн юу хийж амжихыг хүсдэг, боддог, сэтгэдэг вэ гэдгийг энэхүү киногоор харуулахыг хүссэн. Хамгийн гол хэлэх гэсэн санаа нь хүн хорвоог орхихын цагт юутай байсныг дурсдаггүй. Харин хэн байсныг нь санадаг гэдгийг л харуулахыг зорьсон. Бид ирээдүйгээсээ маш их айдаг. Эсвэл хүн өнгөрснөөрөө амьдардаг. Гэтэл өнөөдөр гэдэг өдөр хичнээн үнэ цэнэтэй цаг хугацаа вэ гэдгийг харуулахыг зорьсон.
-Бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн гэсэн?
-Аливаа уран бүтээл эмзэглэлээс бүтдэг гэдэг шүү дээ. Энэ бол миний дүүгийн амьдрал. Гэхдээ киноны үйл явдал бүхэлдээ дүүгийн маань туулж өнгөрүүлсэн амьдрал биш. Уран сайхны кино учраас дүр дүрслэлээр баяжуулж нийгэмд хүргэх гэсэн санаагаа нэмж ажиллалаа. Дүү минь өнөөдөр хорвоо дээр байхгүй ч гэсэн бид киногоо байгаагаар төгсгөсөн. Олон зүйлийг хэлэхийг хүссэн. Хамгийн чухал нь энэ хорвоогоос намайг буцахад юутай байсныг минь биш хэн байсныг минь дурсах учиртай гэдэг санааг гаргахыг хичээлээ.
-Дүүгийнхээ дүрийг та бүтээсэн. Юуг илүү чухалчлан харуулахыг хүсэв?
-Дүү маань энэ кинон дээр гардаг шиг ажил хийж байгаагүй. Кинон дээр гарч байгаа амьдралыг бодитоор нь туулаагүй. Миний хувьд тэр хүний амьдрах гэж байгаа тэмцэл, өнөөдрийн ганц өдрийн амьдрал хичнээн үнэ цэнэтэй юм бэ, хүмүүс яаж хандаж байсан бэ гэдгийг харуулахыг зорьсон. Тэр л намайг эмзэглүүлсэн. Хүн дараа нь л боддог юм билээ. Сонирхуулахад би энэ кинонд тоглохын тулд 97 кг-аас 77 орчим жинтэй болтлоо 17 орчим кг хаслаа.
-Та энэ амьдралдаа хэн байхыг хүсэж байна вэ?
-Би сайн аав байхыг л хүсэж байна. Аав гэдэг сайн эр хүн, сайн найз нөхөр, сайн хань зэрэг маш олон сайн сайхны илэрхийлэл байх ёстой гэж би ойлгодог. Тийм болохоор энэ амьдралдаа сайн аав байхыг, энэ хорвоогоос явахдаа ч сайн аав байсан гэж дурсагдахыг хүсэж байна.
-Дуучин М.Мягмартай 18 жилийн дараа нэг кинонд хамтдаа тогложээ?
-Маш олон жүжигчинд санал тавьсан. Зөвшөөрсөн хүн нь М.Мягмар байсан. Тэр үнэхээр сайн уран бүтээлч. Түүнд зохиолоо ярьж өгсний дараа харанхуй шөнө хоёулаа дүрийнхээ талаар яриад сууж байлаа.
-Таны гэргий продюсороор ажилласан. Гэр бүлийн хүнтэйгээ хамтран ажиллах ямар байв?
-Таатай, их амар юм байна /инээв.сур/. Өнөөдөр эдийн засаг хүнд, хэцүү үед хөрөнгө оруулах, хамтран ажиллах компани маш ховордсон байна. Эхнэр маань санхүүгийн мэргэжилтэй. Хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг учраас гэр бүлийнхээ хүнтэй хамтран ажиллалаа.
-Багаа хэрхэн бүрдүүлэв?
-Б.Гарамханд найруулагчийг сонгосон нь сайхан хэрэг байлаа. Энэ хүн өнөөдөр монголын кино урлагт шинээр гарч ирж буй сайн уран бүтээлчийн нэг. Гол дүрд ч шинэ залуу уран бүтээлчдийг сонгосон. Ерөнхийдөө өмнө нь нэг ч кинонд хамтран ажлаагүй хүмүүстэй ажиллалаа. Хөгжмийн зохиолч Окигоос бусадтай нь анх удаа хамтарлаа.
-Солонгос улсад зураг авсан гэв үү?
-Тэгсэн. Солонгос улсад зураг авсан. Солонгос талын төлөөлөгчид өнөөдөр киноны нээлтэд оролцож байна. Мөн монголд Зүүнхараад зураг авалтаа хийсэн байгаа.
-Киногоо гадаадын зах зээлд гаргах уу?
-Бодол байна. Ямартай ч аравдугаар сарын 24-нд АНУ-ын Лос-Анжелес хотод болох Ashian world film фестивальд Монгол улсаа төлөөлөн оролцоно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ