Сургууль, цэцэрлэгийн орчинд жагсах ”Хориотой”

img

Сургууль, цэцэрлэгийн орчинд жагсах “хориотой”

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид улсын шалгалт өгөх хуваарьт өдрүүдэд нэгэн сургуулийн гадаа гурван өдрийн турш өглөөнөөс орой хүртэл жагсаал, цуглаан зохион байгуулах зөвшөөрлийг холбогдох газраас  олгожээ.

 

Бүтэн жилийн турш сурч мэдсэнээ үнэлүүлэх торгон мөчид тулж ирээд байгаа хүүхдүүдэд улсын шалгалт өгөх нь ямар чухал, хариуцлагатай үйл явдал байдгийг хүн бүхэн мэднэ. Гэтэл шалгалтын өдрүүдэд сургуулийнх нь гадаа чанга яригчаар хүмүүс хашгирч, анхаарлыг нь сарниулаад байвал юу болох вэ? Шалгалтын дүнд нь сөргөөр нөлөөлбөл хариуцлагыг хэн хүлээх вэ? Хэн ч хүлээхгүй. Яагаад? Яагаад гэвэл зөвшөөрлийг хуулийн дагуу олгосон. Асуудал энэ хүрээд зогсоно. Бас  асуудал эндээс эхлэнэ.

 

Ойлгомжтой байлгахын тулд хэн юунаас болж жагсаж цуглах гээд буйг тайлбарлая. 

 

Нэгэн дунд сургууль барилгын ажлаа гүйцэтгүүлэхээр барилгын компанитай тохирчээ. Ажил эхэлж, хүссэн шаардсан урьдчилгаа мөнгийг нь бүрэн өгчээ. Гэтэл мөнөөх барилгын компани мөнгөө авангуут ажлаа орхиод алга болчихож. Гэрээний үүргээ биелүүлээгүй компанийг захиалагч тал шүүхэд өгсөн, шүүх асуудлыг хянан хэлэлцэж байгаа аж. Мэдээж багагүй үнийн дүнтэй нэхэмжлэлийн асуудал яригдаж байгаа.

 

Гэтэл барилгын компани асуудлыг өөртөө ашигтайгаар шийдэх гарц олжээ. Тэр нь жагсаал, цуглаан хийх шийдвэр. Хохирол нэхэмжлээд байгаа сургуулийн гадна яг анги дэвших, сургууль төгсөх улсын шалгалт өгөх  өдрүүдэд жагсаал хийх зөвшөөрөл олгож өгөхийг холбогдох төрийн байгууллагад хандан гаргав.

 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 7-1 буюу “Жагсаал цуглаан хийхийг хориглох газрууд”-ын тоонд сургууль, цэцэрлэг ордоггүй учраас дүүргээс уг хүсэлтийг хангасан байна.

 

Сургуулийн удирдлагууд Дүүргийн Засаг даргад хандтал хуулийн дагуу гаргасан шийдвэр учраас цуцлахгүй гэжээ. Асуудал даамжирч, Захиргааны хэргийн шүүхэд очив. Захиргааны хэргийн шүүх мөнөөх барилгын компанийн захирлаас яагаад улсын шалгалтын  өдрүүдийг онцолж зөвшөөрөл хүссэн шалтгаанаа тайлбарлахыг хүсэв.

 

Компанийн захирал өвөл болохоор гадаад хүйтэн учраас жагсагчид даарна, зун болохоор сурагчид тараад сургууль эзгүйрчихнэ, тийм болохоор хүүхдүүдийг шалгалт өгч байх үеэр л жагсаалаа хиймээр байна, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлмээр байна гэсэн утга бүхий тайлбар хэлжээ. Асуудал энэ хүрээд зогсов. Хоёр байгууллага хоорондын маргаан, төрийн байгууллагын шийдвэр энэ тэрийг нягтлан шүүх нь энэ бичвэрийн зорилго биш тул орхив.

 

Гэхдээ асуудал яг эндээс шинээр эхэлж байна. Монгол бол ардчилсан орон. Иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хуулиараа дээдэлсэн улс. Бас нийтлэг болон онцгой эрх ашгийн үүднээс жагсаал цуглаан хийж болохгүй газруудыг хуулиар баталгаажуулсан орон.

 

Тийм газрын жагсаалтад төмөр замын зогсоол, хүнсний зах, эмнэлэг зэрэг нэлээд олон газрууд багтдаг. Олон улсын болон үндэсний үзэсгэлэн яармаг болж байгаа газарт ч бас жагсаж цуглах хориотой. Харин эрх ашгийг нь онцгойлон хамгаалах ёстой хүүхдийн орчин энэ хуулинд тусгагдаагүй.

 

Тийм болохоор цэцэрлэгийн хүүхдүүдийн унтлагын цагаар, сурагчид улсын шалгалт, эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтаа өгч байх үеэр сургууль цэцэрлэгийнх нь гадна жагсаал, цуглаан хийж болно. Төрийн байгууллага нь үүнийг хуулийн дагуу зөвшөөрөх үүрэгтэй. Иргэд үзэл бодлоо  чөлөөтэй илэрхийлж байвал хүүхдийн эрх ашиг яршиг цаашаа.

 

Сонин байна уу? Монголын улстөр хүүхдийн асуудлыг хамгийн ихээр ярьдаг атлаа хэрэг дээрээ ийм л хайхрамжгүй, хүйтэн цэвдэг байна. Эрүүл мэндийн тухай хуулинд эмнэлгийн байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байхын чухлыг тодоос тодоор хуульчилж өгсөн атлаа Боловсролын тухай хуулинд энэ талаар үг үсэг ч байхгүй. 

 

Боловсрол сургалтын байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн байх эсэх нь ийнхүү төрийн бодлогын гадна, хуулийн гадна үлдчихсэн учраас барилгын компани хүртэл аж ахуйн маргаандаа бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань сурах орчныг  золиос болгохыг хичээж байна.

 

Ийм байдал даамжирвал  маш буруу жишиг тогтох болно. Энэ бол дэндүү увайгүй, ёсзүйгүй, хүн чанаргүй үйлдэл. Хүүхдийн эрх, хүүхдийн суралцах эрх гэж чангаар хашгирцгаах атлаа хэрэг дээрээ тэрхүү эрхийг хангах баталгаажуулах тал дээр ямар сул анхаарч байгааг 1994 онд батлагдсан “Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль”-ийн хийдэл, түүнийг өөртөө ашигтайгаар ашиглах гэсэн барилгын компанийн үйлдэл нотлон харуулж байна.

 

Монгол Улс зөв хөгжье, сайн сайхан нийгмийг цогцлооё гэж байгаа юм бол эрх ашгуудыг хатуу эрэмбэлмээр байна.

 

Ялангуяа  сургууль, цэцэрлэг, хүүхдийн сургалт хүмүүжил, боловсролын асуудлыг тэргүүн зэрэгт эрэмбэлэхгүй бол Монголын минь ирээдүй эрэмдэг хууль, зэрэмдэг шийдлийн золиос болсоор, хохирсоор л  байх болно. Ер нь эрэмдэг хууль гай дагуулж, зэрэмдэг шийдэл балаг тарьдаг нь ном гэмээр, жам ч гэмээр зүйл.

 

Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд сургууль, цэцэрлэгийн орчинд жагсаал цуглаан хийхийг хориглосон заалт оруулах нь нийтлэг, бас онцлох эрх ашгийн асуудал.

 

Л. НАРАНТӨГС 

Эх сурвалж: news.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ