Бостон Сэлтиксийн эсрэг Кливлэнд Кавалерс цуврал суналаа

НБА-ын 30 багаас яг одоо 4 шилдэг баг үлдээд байгаа билээ. 7 тоглолтоос хэн түрүүлж 4 хожсон нь цааш шалгардаг хасагдах шатны тоглолтууд өнөөдөр дорнод бүсийн шигшээ цувралын гуравдах тоглолтоор үргэлжиллээ. Бостон Сэлтиксийн эсрэг Кливлэнд Кавалерс... Өрнөд бүсийн буюу нөгөө бүсийн шигшээ цувралын адилаар энэ цувралыг 3:0 болно гэж өнөөдрийн тоглолтын шүгэл дуугарах хүртэл хүн болгон таамаглаж байсан байх. Ялангуяа сагсан бөмбөг дөнгүүр мэддэг гэх хүн болгон. Тэгвэл багийн од Азаиа Томасыг түнхний гэмтлийн улмаас бүсийн шигшээ цувралын хоёрдох тоглолтод алдсан Сэлтикс эсрэг багийн талбайгаас хэрэгтэй нэгэн хожлыг булааж чадлаа. Өмнөх хоёр тоглолтын адилаар тоглолтыг тааруухан эхлүүлж хоёр үеийн дараах байдлаар 16 оноогоор дутуу явсан Сэлтикс гуравдугаар үед эсрэг багаасаа даруй 11 оноог илүү авч онооны зөрүүг 5 болтол багасгасан.
Ингээд тоглолтын хэмнэлээ нэгэнт олсны дээр багийн од тоглогчийн гэмтэлтэй холбоотойгоор алдах юмгүй тоголж байсан. Сэлтиксийн залуус тоглолтын хамгийн чухал үед орчин цагийн супер хоёр багийн нэгийиг буулган авлаа. 111-108-ын харьцаатай өндөрлөсөн тус тоглолтод бүх одод холбон тоглогч Азаиа Томасыг оролж гарсан. Маркус Смарт өнөөдөр ногоон өмсгөлтнүүдээс хамгийн шилдэг нь байлаа. 42 минутыг талбайд өнгөрүүлсэн Смарт гурвын шугамны араас арван шидэлтийнхээ долоог цагирагт унагааж нийт 27 оноотойгоор багаа оноо авалтаар тэргүүлсэн юм. Үүнийхээ хажуугаар тэрбээр 7 ашигтай дамжуулалт 5 самбараас бөмбөг авалт 2 бөмбөг таслалт, 1 хаалт гэсэн олон талт тоглолтыг тоглолтын турш үзүүлсэн юм. Түүнд гарааны тоглогчдоос багийн хамгаалагч Эвэри Брэдли 20 оноо, Ал Хорфорд 16 оноо, Жэй Краудэр 14 оноогоор тус тус нэмэр болсон бол сэлгээнээс Келли Олиник 15 оноо, Ёонас Жэрэбко 10 оноог тус тус авчээ. Харин орчин цагийн манай гаригийн хамгийн агуу сагсчин ЛэБрон Жэймс өнөөдөр ур чадвараа хулгайд алдсан байдалтай талбайд гарсан. Хасагдах шатын эхний 10 тоглолтод гучаас дээш оноо дунджилж байсан. Жэймс өнөөдөр талбайд 45 минутыг өнгөрүүлэхдээ ердөө 11 оноог л түүсэн нь ингэж хэлэхэд хүргэж байгаа юм. Мөн Кливлэндийн сэлгээний тоглогчид өнөөдөр 9 оноог л багтаа нэмэрлэсэн нь дэндүү хангалтгүй үр дүн байлаа. Цуврал 1-2. Дөрөвдөх тоглолт нөгөөдөр өглөө болно.
Б.Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ