Ливиэс ирсэн дүрвэгч тоглолтын үеэр амиа золиосложээ

img

Их Британи улсад террорист халдлага боллоо. Уг халдлагыг Ливиэс цагаачлан ирсэн 22 настай залууг үйлдсэн хэмээн сэжиглэж байна. Энэ талаар “www.independent.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Их Британийн Манчестер  хотын “Манчестер Арена” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22-нд орон нутгийн цагаар 22.35 цагийн орчимд цуврал дэлбэрэлт болсон. Дэлбэрэлт болох үед тус цэнгэлэхэд Америкийн уран бүтээлч, дуучин Ариана Гранде тоглолтоо хийж байжээ.

 

Дуучин бүсгүй сүүлчийн дуугаа дуулаад тайзнаас буух үед эхний дэлбэрэлт болсон аж. Уг үйл явдлын улмаас цэнгэлдэхэд байсан үзэгчид эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас олон хүүхэд бэртжээ. Удалгүй хоёр дахь дэлбэрэлт болсон байна. Цэнгэлдэхэд болсон цуврал дэлбэрэлтийн улмаас 19 хүн амиа алдаж, 50 орчим хүн бэртжээ. Энэхүү үйл явдлаас хэдхэн цагийн дараахан амиа алдагсдын тоо 22 болж нэмэгдсэн байна.

 

Тоглолтын үеэр амиа алдагсад

 

Цагдаагийнхан болон тусгай хүчнийхэн дэлбэрэлт болсон бүс нутгийг хамгаалалтадаа авч, ойр орчмын хяналтын камеруудыг шүүж, сэжигтэй этгээдүүдийг эрэн сурвалжиж эхэлсэн талаараа хохирогчдын гэр болон олон нийтэд мэдээлсэн юм. Албаныхан хяналтын камеруудыг шүүж байгаа ч уг хэрэгтэй холбоотой ямар ч сэжигтэй зүйл олдохгүй байгаа нь мөрдлөгийн ажилд саад учруулж буйг уламжлав. Хэвлэлийнхэн “Манчестер Арена” цэнгэлдэхэд болсон цуврал халдлагыг “террорист халдлага” хэмээн мэдээлэх болсон.  Гэхдээ эрх баригчид уг хэргийг нарийн шалгах хүртэл таамаг дэвшүүлэхгүй байхыг хэвлэлийнхэнд сануулж, иргэдийг худал хуурмаг мэдээллээр төөрөгдүүлэхгүй байхыг сануулжээ.

 

Ерөнхий сайд Тереза Мэй цэнгэлдэхэд болсон дэлбэрэлтийг “сайтар зохион байгуулсан террорист халдлага” хэмээн мэдэгдэж “Их Британийн Манчестер хотноо террорист халдлага боллоо” гэв. Тэрбээр өршөөлгүйгээр халдлага үйлдэж, олон хүнийг хөнөөсөн террористуудад хариуг нь барихаа сануулж “Бидний шийтгэлээс хэн ч бултаж чадахгүй” гэж мэдэгджээ. “Манчестер Арена” цэнгэлдэх 21 мянган хүний суудалтай бөгөөд өсвөрийн од Ариана Грандегийн тоглолтыг үзэхээр цэнгэлдэх дүүрэн хүн байжээ.

 

 Ариана Грандегийн тоглолтын үеэр 22 хүн амиа алджээ.

 

Үзэгчдийн дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд байв. “Амиа алдагсдын долоо нь өсвөр насны хүүхэд байсан” хэмээн албаныхан мэдээллээ. Эхний дэлбэрэлт тусгайлан бэлдсэн бүжгийн талбайд болсон бол дараагийнх нь цэнгэлдэхийн яг төвд болсон нь олон хүн амиа алдахад  хүргэжээ. Энэхүү хэрэг явдлын дараахан Ариана Гранде твиттер хуудсаараа дамжуулан фэнүүдээсээ уучлалт гуйв. Тэрбээр твиттер хуудастаа “Намайг үнэхээр уучлаарай. Би их шаналж байна. Юу ч хийж чадахгүй байгаа намайг чин сэтгэлээсээ уучлаарай” гэж жиргэсэн байна. Түүний жиргээний дараа дуучин Кейти Перри тэргүүтэй олон уран бүтээлчид британичуудад эмгэнэл илэрхийллээ.

 

Цагдаагийнхан “амиа золиослогч этгээд халдага үйлдсэн” хэмээн таамаглаж буйгаа мэдэгдэв. Хэргийн газраас хэрэгтний “ДНК”-ийг олохоор мэргэжилтнүүд ажиллаж буй юм.

 

“Энэхүү халдлагыг ганц этгээд үйлдсэн үү эсвэл бүлэг этгээд үйлдсэн үү гэдгийг тогтоохоор ажиллаж байна” хэмээн Цагдаагийн газраас мэдээлэв. Цагдаагийнхан Салман Абеди гэх 22 настай залууг халдлага үйлдсэн хэмээн сэжиглэж байна. Сэжиглэгдэж буй этгээд Ливиэс Британи улсад цагаачлан ирсэн дүрвэгч гэнэ. Түүнийг амиа золиослон хэмээн сэжиглэж буй билээ. Гэхдээ Салманы гэр бүл “хүүгээ амиа золиослосон” гэх мэдээллийг эрс үгүйсгэжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп халдага үйлдэгчийг “өрөвдөлтэй нэгэн” хэмээн мэдэгджээ. Тэрбээр Ойрхи Дорнодын орнуудад төрийн дээд хэмжээний айлчлал хийж буй юм.

 

2017 он Британи улсад ихээхэн хүнд жил болж буй юм. Учир нь хоёрхон сарын хугацаанд хоёр ч цуст халдлага боллоо. Эргэн сануулахад өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд нийслэл Лондон хотноо нэг этгээд Уэстминстерийн гүүрийн явган гарцаар гарч байсан иргэдийг дайрсаныхаа дараа парламентын ордныг чиглэн явж байхдаа амиа алдсан.

 

Уг үйл явдлын улмаас таван хүн амиа алдаж, 40 хүн бэртсэн билээ. Халдлагыг Халид Масуд гэх Британи залуу үйлдсэн байна. Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифатын вант улс” бүлэглэл Халид Масудыг “Аллахын ариун дайчин” хэмээн мэдэгдэж, Лондонгийн халдлагын хариуцлагыг өөртөө хүлээсэн юм. Амар тайван Британи улсад террорист халдлагын гол бай болж буйд олон улс санаа зовниж байна. Эрх баригчид орон даяар хамгаалалтаа нэмэгдүүлэх зарлиг буулгажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mongol:
Manai Mongolchuudiig visaguigeer zorchuuldag bolgo. Mongol hun baigaa gazar taivan amgalan baih bolho
2017-05-25
kkkk:
HUURHII TER LALIIN SHASHINTAI ULSUUDAD UCHIRUULSAN GAI IH SHUUDEE ODOO HARIUGAA L AVCH BNA DOO
2017-05-24
ятол:
Шенгэнээс гар, цагаачдаа хяна, гарга
2017-05-24