О.Осоржамаа жүжигчний мэргэжлээр үнэ төлбөргүй суралцана

Цахим сүлжээнд өөрийн видео бичлэгээ байршуулж, олон нийтэд танигдсан О.Осоржамаад “Сити” дээд сургуульд үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулжээ.
О.Осоржамаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа жүжигчин болох мөрөөдөлтэй тухайгаа хэлсэн байна. Түүний мөрөөдлийг биелүүлэх зорилгоор “Сити” дээд сургуулийн багш, ажилчид тус сургуулийн Урлагийн сургуульд жүжигчний мэргэжлээр дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхийн бичиг гардуулжээ.
Эрхийн бичгийг “Сити” дээд сургуулийн Урлагийн сургуулийн жүжигчний тэнхимийн багш, МУГЖ Ц.Төмөрхуяг гардуулав. Тэрбээр “Жүжигчний мэргэжил хүнлэг байх зарчмыг агуулдаг. Манай сургуулийн багш, ажилчид сэтгэл гаргаж, хүний төлөө гэсэн итгэлээр дүүрэн явдаг. Тийм учраас О.Осоржамаад үнэ төлбөргүй суралцах батламжийг гардуулж байна. Жүжигчин хүн авьяастай. Түүндээ дуртай байх ёстой. Чи үнэхээр жүжигчин болохыг хүсдэг, тэгээд хүнлэг сэтгэлтэй санагдсан тул энэхүү урилгыг гардуулж байгаа юм” хэмээв.
Харин О.Осоржамаа “Би хичээх болно. Хүн чанартай байвал аливааг ялдаг юм байна гэдгийг би өнөөдөр ойлгож байна. Хүн чанартай байвал өнөөдөр хүн амжилтад хүрдэг юм байна гэж бодлоо. “Сити” их сургуулийн багш нартаа маш их баярлалаа” хэмээлээ.
О.Осоржамаа нь тогооч мэргэжилтэй бөгөөд өдгөө Улаанбаатар хотод шорлог зардаг аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ