Талибанчууд Кабул хотноо халдаж, 90 хүн хөнөөжээ

Афганистаны нийслэл Кабул хотын Занбак талбайн дэргэд хоёр өдрийн өмнө террорист халдлага болсон билээ.
Халдлагаар 90 хүн амиа алдаж, 350 орчим хүн бэртжээ. Террористууд их хэмжээний тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэргийг тусгай хамгаалалттай дипломат бүс нутгийн ойролцоо дэлбэлжээ. Уг бүс нутагт Ерөнхийлөгчийн ордон, яам болон Турк, Их Британи, Герман, Францын Элчин сайдын яамууд байрладаг юм.
Халдлагыг алан хядах “Талибан” бүлэглэл үйлдсэн байна. Тус бүлэглэлийн дэмжлэгээр пакистанчууд Кабул хотноо халдсан талаар Афганистаны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Тэрбээр “Афганистан дахь тогтворгүй байдал Пакистанд ашигтай хэмээн мэдэгджээ. Уг мэдэгдлийн дараа Пакистаны эрх баригчид “Өөрсдийн алдааг нуухын тулд бусдыг буруутгаж байна” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ