Катар руу таван онгоц хүнс илгээжээ

Катарын эрх баригчдыг санаатайгаар алан хядах бүлэглэлүүдийг алсаас санхүүжүүлж, террористуудыг эх орондоо байршуулсан гэх мэдээллийн дараа Саудын Араб тэргүүтэй есөн орон тус улсаас дипломат харилцаагаа тасалсан билээ. Саудын Араб улс өнгөрөгч долоо хоногт “Катар улс террористуудыг санхүүжүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрвөл тус улсаас таслаад буй харилцаагаа эргэн сэргээх болно” гэсэн юм.
Тэгвэл Иран улс энэ амралтын өдөр найрсаг харилцаатай байдаг Катар улс руу таван онгоц дүүрэн хүнсний бүтээгдэхүүн илгээсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
Иран улс, Катар руу хүнсний бүтээгдэхүүн илгээсэн талаараа тайлбар хийгээгүй байна.
Катарын нийт хүнсний бүтээгдэхүүний 40 орчим хувийг Саудын Араб нийлүүлдэг юм. Терроризмыг санхүүжүүлсэн гэх асуудлын дараа Саудын Араб агаарын хил, хуурай замын хилээ хаажээ.
Катартай дипломат харилцаагаа таслаад буй есөн орон тус улсыг Иранаас дипломат харилцаагаа таслахыг тулган шаардаж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ