Ким Чен Нам АНУ-д нууц мэдээлэл худалдсан уу

Хойд Солонгосын дараагийн удирдагч гэгддэг байсан Ким Чен Намын үхэлтэй холбоотой шинэ мэдээлэл “www.bloomberg.com” сайтад нийтлэгджээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам Малайзын нийслэл Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа бусдын гарт амиа алдсан билээ. Цогцост хийсэн задлан шинжилгээгээр түүнийг “VX”гэх хортой бодисоор хордуулан хөнөөсөн болохыг тогтоосон. Уг хэрэгтэй холбогдуулан хоёр эмэгтэйг баривчилсан бөгөөд өнгөрөгч долоо хоногт цагдаагийнхан энэхүү хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Уг хор шууд хүний мэдрэлийн системд нөлөөлж, хормын төдийд үхэлд хүргэдэг аж. Ким Чен Нам хорлогдсоноос хэдхэн минутын дараа ухаан алдаж, 30-50 минутын дараа амиа алдсан болохыг тогтоогоод байна. НҮБ үй олноор хөнөөх зэвсэг гэх ангилалд уг “VX” химийн бодисыг багтаасан юм.
Тэгвэл Ким Чен Нам амиа алдах үедээ их хэмжээний бэлэн мөнгөтэй байжээ. Тодруулбал тэрээр бэлнээр 120 мянган ам.доллартай байсан гэнэ. Түүний цүнхнээс 300 ширхэг 100 долларын дэвсгэрт олджээ. Дүрмээрээ тэрээр онгоцонд суухаасаа өмнө бэлэн мөнгөнийхээ хэмжээг гаалийнханд мэдүүлэх ёстой байсан боловч Ким Чен Нам дипломат паспорттай байсан учир шалгалтад ороогүй аж.
Гэхдээ уг мөнгийг Ким Чен Намын гэр бүлд хүлээлгэн өгсөн эсвэл цагдаагийнхан хураан авсан эсэх нь тодорхойгүй байгаа талаар орон нутгийн хэвлэлүүд бичих болов. Ким Чен Нам Малайз улсад найм хоносон бөгөөд энэ үеэр нэг хүнтэй зочид буудлынхаа өрөөнд хоёр цаг орчим уулзсан болохыг тогтоожээ. Цагдаагийнхан дээрх мөнгийг тэрээр Малайзад байгаа холбоотноосоо авсан хэмээн таамаглаж буй юм. Гадаад төрх болон хувийн мэдээлэл нь нууц хэвээр байгаа дээрх этгээдийг АНУ-ын Тагнуулын Ерөнхий байгууллагатай холбоотой гэх мэдээллийн ойрын эх сурвалж өгчээ. Ким Чен Нам уг этгээдээс бэлэн мөнгө авсны хариуд Хойд Солонгосын нууцын зэрэглэлд хамаарах мэдээллийг өгсөн хэмээн цагдаагийнхан таамаглаж байна. Хэрвээ түүнийг хэн болохыг тогтоовол олон сарын турш гацаад байгаа уг хэргийн жинхэнэ захиалагч ил болох юм.
Цагдаагийнхан Ким Чен Намын уулзсан этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн бөгөөд энэ талаар хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхөөс татгалзжээ. Учир нь Малайзын эрх баригчид уг улстөрийн аллагын цаана Хойд Солонгос тэр тусмаа Ким Чен Ун бий хэмээн мэдэгдсэн. Хэрвээ Ким Чен Нам нууц мэдээлэл дамжуулаад улмаар амиа алдсан бол Малайз хүндхэн байдалд орох билээ. Ким Чен Намыг хөнөөх зорилгоор хэсэг иргэнийг олон сарын турш тусгай сургалтад хамруулсан хэмээн Малайзын Цагдаагийн газраас мэдээлж байсан.
Ким Чен Намыг хөнөөсөн Доан Тхи Хуонг, Сити Аясах өнөөг хүртэл хэргээ хүлээхгүй байгаа бөгөөд тэдний нэг нь огт юм ярихгүй байгаа гэнэ. Цагдаагийнхан уг хэрэгтэй холбогдуулан таван этгээдийг баривчилсан. Хоёр сарын өмнө хэрэгт холбогдолгүй хэмээн Хойд Солонгосын иргэнийг сулласан юм.
Суллагдсан Ри Жон Чол хэвлэлийнхэнд “Малайзынхан намайг Ким Чен Намыг алсан хэмээн худал мэдүүлэг өгвөл тансаг амьдрал амласан” гэж хэлжээ.
Энэхүү мэдээллийн дараа “Малайз ямар ч аргаар хамаагүй уг хэргийн захиалагчийн ард Хойд Солонгос байгаа мэт харагдуулахыг зорьж байна” хэмээн Хойд Солонгосын Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ