Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн үйл ажиллагааг эхлүүлнэ
“Байгаль хамгаалах намрын сарын аян”-ы “Ус ба мод” сэдэвт багц ажлыг 2011 оны аравдугаар сарын 8-нд Тужийн нарсны таримал ойг орон нутагт хүлээлгэн өгч, мөн энэ үеэр салбар хариуцсан яам, агентлагийнхан мод тарьснаар эхлүүлнэ. БОАЖ-ын сайд Л.Гансүх, Сангийн сайд С.Баярцогт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга М.Тунгалаг нар Тужийн нарсны таримал ойг орон нутагт хүлээлгэн өгнө. Тужийн нарсны УТХГ-т сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тарьсан модны ургалт болон нөхөн сэргээлтийн үр дүнтэй танилцах, мод тарих энэ ажилд БОАЖЯ, Ойн газар, Нийслэлийн байгаль хамгаалах газар, Дархан, Сэлэнгэ аймгуудын БОАЖГ-ын хамт олон оролцоно. Ойн ихээхэн талбайг хамарсан удаа дараагийн түймэр, хууль бус мод бэлтгэл, эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр тус ойн нөөц их хэмжээгээр хомсдож, Тужийн нарсан ойн тархалтын нутаг дэвсгэрийн 70 орчим хувь нь устсан юм. Иймд Тужийн нарсны ойг нөхөн сэргээх, хөрсний хэв шинжийг алдагдуулахгүй, цөлжүүлэхгүйн үүднээс Засгийн газраас нөхөн сэргээх бодлого баримтлан, улсын хөрөнгөөр ойжуулсан юм. Одоогийн байдлаар нийт 22626.4 га тайлбайд ойжуулалт хийгээд байгаа ба тарьсан модны амьдралт 78.4 хувьтай ургаж байна. Тужийн нарсны тусгай хамгаалалтай газрын ойжуулах шаардлагатай талбай үндсэндээ дууссан. Үүнээс гадна байгаль дэлхий өөрөө өөрийгөө сэргээх чадвартайг, харуулж тусгай хамгаалттай газар нутгийн зарим хэсэг ширдэг шиг болтлоо байгалийн аясаар сэргэн ургаж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 4-р сарын 14-ний өдрийн 63 тоот зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Хавар, намрын энэ өдрүүдэд төрийн түшээд ард түмнээ уриалан мод тарьдаг. Энэ жилийн хувьд намрын мод тарих өдөр аравдугаар сарын 15-ны бямба гарагт тохионо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ