Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүн байр эзлэв
Их Британийн Кардифф хотноо 2017 оны “BBC Cardiff Singer of the World” уралдаан болж өндөрлөлөө.
Британийн “BBC” агентлагаас зохион байгуулдаг олон улсын дуурийн дуучдын энэхүү уралдааны шилдэг 20-д УДБЭТ-ын гоцлол дуучин Б.Батжаргал, ОХУ-ын "Марийнский" театрын гоцлол дуучин МУГЖ Г.Ариунбаатар нар шалгаран үлдэж, шилдгийн төлөө өрсөлдсөн.
МУГЖ Г.Ариунбаатар тус тэмцээнд хоёр төрлөөр оролцсон. Тэрбээр романс төрлийн эхний шатанд төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Л.Жанцанноровын “Чиний минь нулимс” романсийг дэлхийн бусад хөгжмийн зохиолчдын бүтээлтэй хамтатган дуулж финалд шалгараад байсан. Тэрбээр “BBC Cardiff Singer of the World” тэмцээний романсын төрөлд тэргүүн байр эзэлжээ. Харин ари төрөлд шилдэг таван дуучны нэгээр шалгарсан байна.
Тэрбээр “Намайг үргэлж дэмждэг Монгол, Буриадын ард түмэндээ, багш нартаа маш их баярлалаа. Бүр илүү ихээр хичээх болноо. Эх орондоо дөрвөн цомтой харих байсан нэгийг нь нутгийн бүсгүйд алдчихлаа” хэмээжээ.
Хоёр жил тутамд зохион байгуулдаг энэхүү уралдаанд Итали, Америк, Англиа, Норвеги зэрэг орны дуурийн дуучин өрсөлдсөн. Дашрамд сонирхуулахад хоёр жилийн өмнө энэхүү тэмцээнд УДБЭТ-ын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин оролцож, үзэгчдын нэрэмжит шагнал буюу тусгай байранд шалгарч байсан билээ.
“Монголын тал нутаг” дэлхийн тайзнаа эгшиглэв
Их британи, умард ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардифф хотноо хоёржил тутамд зохион байгуулагддаг BBC Cardiff Singer of the World уралдааны финалд Чингис хаан одонт, МУГЖ Г.Ариунбаатар нийт гурван дуу дараалан дуулснаас хамгийн сүүлд нь Чингис хаан одонт, МУУГЗ, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, МУУГЗ З.Түмэнжаргалын шүлэг "Монголын тал нутаг" дууг дууллаа.
Дэлхийн сонгодог урлагийн тэмцээний финалын шатанд монгол дуу дуулагдсан анхны тохиолдол болжээ. Тус уралдааны зөвлөх (vocal expert) Mary King нулимс дуслуулан, дуучны авьяас чадварыг шагшин магтав. Мөн энэхүү дууны аялгууг шагшин магтаж, “BBC” телевизийн хөтлөгч нулимс дуслуулсан тухай МУГЖ Г.Ариунбаатар дурдсан байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ