Ойрхи Дорнодын хямралыг хурцатгасан цохилт

Сирийн бөмбөгдөгч онгоцыг америкчууд устгаж, Иран улс анх удаа Сирид пуужингаар цохилт өгчээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
Сирийн армийн бөмбөгдөгч онгоцыг АНУ-ын сөнөөгч онгоц буудаж унагаасан хэрэг гарчээ.
Сирийн армийн “Су-22” онгоц Дэйр Эззор хотноо хяналтаа тогтоохыг санаархаж буй Исламын улсын хэд хэдэн байршилд агаараас цохилт өгөөд өчигдөр орон нутгийн цагаар 6.43 цагийн орчимд тушаалын дагуу бааз руугаа буцах үедээ гэнэтийн дайралтад өртсөн болохыг тус улсын Батлан хамгаалах яам мэдээлэв. Сирийн армийнхан ОХУ-ын тусламжтай Дэйр Эззор, Ракка хотыг бүрэн чөлөөлөхөөр өнгөрсөн сарын 20-ны өдрөөс эхлэн байлдааны ажиллагаагаа явуулах болсон юм. Террористуудын хяналтад олон мянган иргэн байгаа бөгөөд тэдэнд нэн яаралтай хүмүүнлэгийг тусламж хэрэгтэй байна. Сирийн бөмбөгдөгч онгоцыг устгасан талаараа Пентагон 8.00 цагт мэдэгдэл гаргалаа.
Тус мэдэгдэлд “Бид үүргийнхээ дагуу ажилласан. Учир нь Сирийн армийнхан террористуудад цохилт өгөх нэрийдлээр Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадын дэглэмийг эсэргүүцэж, тэмцэл хийж буй сөрөг хүчин болон курдуудын байршилд агаараас цохилт өгсөн. Сирийн армийнхны хийсэн цохилтын улмаас олон энгийн иргэд амиа алдсан. Тэдний гол бай сөрөг хүчин болон курдууд байсан учир сөнөөгч онгоцыг устгасан болно” гэж мэдэгджээ.
Дэйр Эззор бүс нутагт их хэмжээний газрын тосны ордуудтай бөгөөд өнгөрсөн 2015 оны эхээр их хэмжээний ашиг олдог дээрх ордуудыг армийнхан террористуудад алдсан. Энэ ордуудын талаас илүү хувь нь Сирийн Ерөнхийлөгчийнх гэх мэдээлэл бий. Гэхдээ уг мэдээллийг Засгийн газар эрс үгүйсгэдэг билээ.
АНУ-ын сөнөөгч онгоц, Сирийн бөмбөгдөгч онгоцыг устгасан үйл явдалтай зэрэгцэн Иран улс анх удаагаа дунд тусгалын пуужинг Сирийн газар нутаг руу харвасан байна. Ираны харвасан пуужин тулааны гол талбар болоод буй Дэйр Эззор хотноо тусчээ. Ираны эрх баригчид пуужин харвасан шалтгаанаа “Сирийн энхтайвны төлөө террористуудын эсрэг тэмцэлд нэгдэж буйгаа илтгэсэн үйл явдал” гэж тайлбарлажээ. Тегераны харвасан террористуудын байршилд туссан эсэх хэдэн террорист амиа алдсан нь нууц хэвээр байгаа юм.
Ираны нийслэл Тегеран хотноо байрлах парламентын ордонд өнгөрсөн долоо хоногт террорист халдлага болсон.Зэвсэглэсэн этгээд парламентын ордонд нэвтэрч, замдаа тааралдсан хүмүүсийг буудаж байсан юм. Энэхүү халдлагын улмаас 18 хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан юм. Энэхүү халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэн болохоо мэдэгдсэн билээ. Тегеран 30 жилийн турш хилийн чанадад байлдааны ажиллагаа явуулаагүй бөгөөд Исламын улсаас хариугаа авахын тулд ийнхүү дунд тусгалын пуужин туршлаа.Ийнхүү Сирид ганцхан өдрийн дотор иргэний дайн цаашлаад Ойрхи Дорнодод үргэлжилж буй хямралыг хурцатгах хоёр ч үйл явдал тохиолоо. АНУ-ын үйлдлийг ОХУ-ын эрх баригчид шүүмжилсэн бөгөөд Ираны пуужингийн талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар ирэх сард Германд зохион байгуулагдах “Их 20” дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана. “Тэд Сирийн талаар голлон ярилцах болно” хэмээн Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдлээ.
АНУ анх удаагаа Сирийн Батлан хамгаалах яаманд хохирол учруулж байгаа биш юм. Тус улс өнгөрсөн дөрөвдүгээр сард Хомс хотноо байрлах Сирийн агаарын баазыг устгасан. Уг үйл явдлын улмаас Сирийн армийн арав гаруй дайчин амиа алджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ