
МЖБХ-ноос манайд шинэ мэдээ ирүүллээ. Жудо бөхийн тамирчид "Дэлхийн шилдэг 16"-д зодоглохоор өнөөдөр эх орноосоо хөдөллөө. Ирэх амралтын өдрүүдэд (I.14-15) Казахстаны Алматы хотноо зохиогдох жин бүрийн шилдэг 16 жүдоч урилгаар оролцдог Мастерс тэмцээнд оролцох манай тамирчид Казахстаныг зорив. 2010 оноос эхлэн зохиогдсон энэ тэмцээний анхныхад С.Мияарагчаа 66 кг-д аваргалж байсан бол өнгөрсөн жил Х.Цагаанбаатар энэ жинд түрүүлэн, М.Бундмаа 52 кг-д, Б.Тэмүүлэн -100 кг-д хүрэл медаль медаль хүртсэн билээ. Алматыгийн дэвжээнд манай улсаас найман эрэгтэй, дөрвөн эмэгтэй жүдоч зодоглох болзлоо биелүүлсэн нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт юм.
200 мянган ам.долларын шагналын сантай "Алматы-2012" Мастерст 47 орны 119 эрэгтэй, 119 эмэгтэй, нийт 238 бөх хүч үзнэ. Үүний дотор япончууд хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй (13 эрэгтэй, 15 эмэгтэй) байгаа бөгөөд хойд хөршөөс 19 (13 эрэгтэй, 6 эмэгтэй), өнгөрсөн жилийн ДАШТ-ийг зохион байгуулагч Францаас 18 (эрэгтэй, эмэгтэй тус бүр 9), дараагийн ДАШТ-ийг нутагтаа хүлээн авах Бразилаас 14 (8 эрэгтэй, 6 эмэгтэй) бөх илгээжээ. 12 бөхтэй манай улсын хувьд бүрэлдэхүүнээрээ дээрх дөрвөн багийн ард бичигдэж байна. Олон тамирчин нь Мастерст барилдах болзол биелүүлсэн БНСУ-аас ихэнх шилдгүүдээ амрааж, дөрвөн эрэгтэй, таван эмэгтэй жүдочийг л Казахстанд барилдуулахаар болжээ. Мастерсыг зохион байгуулагч Казахстаны хувьд жин бүрт нэг тамирчин оролцуулах эрхтэй юм.
Мастерсын аварга, чансааны 400 оноо авах бол мөнгөн медальтан 240, хүрлийн эзэн 160, тавдугаар байрт шалгарсан тамирчид 80 оноо нэмнэ.
Тэмцээний хөтөлбөр
I.13 14.00 Сугалаа
I.14 10.30 Эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, 57 кг, 63 кг
Эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг, 73 кг
урьдчилсан барилдаанууд
16.30 Нээлтийн ажиллагаа
Үргэлжлээд хагас шигшээ, шигшээ барилдаанууд
I.15 10.30 Эмэгтэйчүүдийн 70 кг, -78 кг, +78 кг
Эрэгтэйчүүдийн 81 кг, 90 кг, -100 кг, +100 кг
урьдчилсан барилдаанууд
17.00 Хагас шигшээ, шигшээ барилдаанууд
P.S: Алматы нь Улаанбаатараас 2 цагийн зөрүүтэй. Тодруулбал урьдчилсан барилдаанууд Улаанбаатарын цагаас 12.30-д эхэлнэ.
А.Алт
СЭТГЭГДЭЛ БИЧИХ