
Ардчилсан Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал үргэлжилж байна. ҮЗХ-ны гишүүд Хамтарсан Засгийн газарт орж ажилласан сайд нарынхаа улс төрийн илтгэлийг сонссоны дараа сайд нарт ҮЗХ-ны гишүүдийн зүгээс асуулт тавиж, сонирхсон асуултдаа хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн З.Энхболд Хамтарсан Засгийн газарт орж ажилласан 11 сайдаа хурлын индэр дээр зогсоож, Хамтарсан Засгийн газрыг анх байгуулах үед байгуулагдаж байсан долоон хуудас гэрээний заалтуудын хэрэгжсэн, хэрэгжээгүйг холбогдох сайд нараас нь нэг бүрчлэн асуулаа.
З.Энхболд: 2008 оноос хойш хэчнээн ажлын байрыг шинээр бий болгосон бэ?
Д.Нямхүү: 72 мянган ажлын байр бий болсон.
З.Энхболд: 60000-ыг дөрвөөр үржүүлэхээр 240 мянга биш үү.
Д.Нямхүү: 2011 оны шинээр бий болсон ажлын байрны хэмжээ.
З.Энхболд: 2008 онд амласан ажлын байртай холбоотой заалт биелээгүй юм байна.
Д.Нямхүү: Өмнөх жилүүдийнх тухайн үедээ зарлагдаад явж байсан. Нийт дээ 200 орчим мянган ажлын байр бий болсон.
З.Энхболд: 200 мянган ажлын байр бий болсон бол ядуурал ийм хэмжээнд байх ёсгүй. Дараагийн асуултаа тавъя. Өрхийн дундаж орлого нэг сая төгрөг болгоно гэсэн байна.
С.Баярцогт: З.Энхболд гишүүний асууж байгаа асуултад шууд хариулт өгөх боломжгүй. Би нэг зүйлийг хэлэх гэсэн юм. 2008 оны есдүгээр сарын 28-нд Засгийн газар байгуулагдсан. Энэ үед дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн маш том хямрал эхэлсэн. Хямралыг бид хамгийн богино хугацаанд давж гарсан. Бодит байдлаас асуудлыг хөндийрүүлж ярих утгагүй. Энэ хямралын үед бүх дэлхийгээрээ ажлын байраа алдаж, улс орон дампуурч байсан. Бүхэл бүтнээрээ дампуурсан Исланд, Грек, Португаль улс байна. Ийм хүнд хэцүү үеийг бид даваад 2010, 2011 онд манай улсын ретинг дээшилсэн. З.Энхболд гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Асуудалд бодитойгоор хандах хэрэгтэй. 2008 онд бид Засгийн газрыг байгуулж байхад байдал сайн байсан. 2005 оноос хойш манай улсын төсөв нэмэх гарч, өсөлт эхэлсэн. Бид нарын хийж байсан тооцоо энэ өсөлтийг цаашаа үргэлжилнэ гэж тооцоологдсон. 2008, 2009 он бүхэлдээ амьд үлдэх ёстой гэсэн ийм л жилүүд байсан. З.Энхболд гишүүнийг ингэж асуух юм бол бид 2008 оноос саран дээр байж байгаад 2012 онд эргээд ирсэн юм шиг асуудалд хандаад байна.
З.Энхболд: ҮЗХ-ны гишүүд бол бидний төлөө саналаа өгч байгаа сонгогчид. Та хэд бол дахиад нэр дэвшигчид. Одоо сонгууль болохоор яг л ингэж сонгогчид биднээс асууна. Яг сумын клубт очихоор сонгогчид надаас ингэж асууна. Тэгэхээр би С.Баярцогт сайдаас хариултаа авчихаад очих гээд байна.
С.Баярцогт: Би З.Энхболд гишүүнд зориулаад гол гол зүйлд хариулт өгье. Хамгийн хүнд хэцүү үед бид хамгийн хэцүү амлалтыг биелүүлсэн. Энэ бол 1.5 сая төгрөг. Бид уул уурхайгаа эргэлтэд оруулж энэ асуудлыг шийдвэрлэнэ гэсэн. 2012 оны төсвийг бид батлаж, тогтоолоор энэ асуудлыг бүрэн шийдсэн. 500 мянган төгрөгийг бэлнээр, нэг сая төгрөгийг хувьцаа хэлбэрээр олгохоор болсон. Дээрээс нь энэ Засгийн газартай холбоотойгоор юм асуувал салбартай нь холбогдуулж асууна. Энэ хамтарсан гэрээнд Засгийн газар бүхэлдээ хариулт өгөх ёстой. Хэн нэг сайдад үүнийг сугалж тусгах хэрэггүй.
З.Энхболд: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос гурван хувиас доошгүйгээр өсгөнө гэжээ.
С.Баярцогт: Одоогийн байдлаар бага орлоготой төрийн албан хаагчийг 2.5, дундаж нь 2, өндөр нь 1.7 хувиар нэмэгдүүлэх шийдвэрийг гаргасан.
З.Энхболд: Төрийн албан хаагч гээгүй байна л даа.
С.Баярцогт: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг гурван талт зөвшилцлийн хороо хэлэлцээд зөвхөн төрийн албан хаагчид дээр төр оролцож, нэмэгдлийн хэмжээг тогтоодог. Төр шийдвэр гаргангуут Ажил олгогч эздийн холбоо цааш нь хэрэгжүүлдэг.
З.Энхболд: Бүх айлын орлого 2.5 дахин нэмэгдсэн үү?
С.Баярцогт: Энэ айлын орлого гээгүй.
З.Энхболд: Гэрээн дээр бүх айлын л гэж байна л даа.
С.Баярцогт: Цалин, тэтгэвэр тэтгэмжийг одоогийнхоос гурав дахин гэж байгаа.
З.Энхболд: Шинээр гэр бүл бологсод болон шинэ хүүхдэд мөнгөн тусламжийг үргэлжлүүлэн олгоно.
С.Баярцогт: Үүнийг УИХ дээр Хүний хөгжил сан байгуулахдаа энэ асуудлаас татгалзая гэж шийдсэн.
З.Энхболд: Шинээр төрсөн хүүхдэд 300 мянган төгрөг, алдарт эхийн хоёрдугаар одонтой эхэд 500 мянга, нэгдүгээр одонтой эхэд нэг сая төгрөгийн тэтгэмжийг жил бүр олгоно. Одоо сонгууль дуусч байна. Би сонгогчдоо хариулахын тулд өөрөө сонгогч шиг асуугаад байна. Бид нарын нөхцөл байдлыг хэн ч сонирхохгүй шүү дээ. Манай өрхийн дундаж орлого сая төгрөг болсон уу, үгүй юу гэдгийг л асууна.
С.Баярцогт: Би нэг л зүйлийг хэлье. Ардчилсан намын 2008 онд оруулсан сонгуулийн мөрийн хөтөлбөр 100 хувь биелэсэн.
Н.Алтанхуяг: Жаахан товчхон асуумaар байна.
З.Энхболд: Би маш товчхон асууж байна. Хот суурин газрын гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахын зэрэгцээ орон сууцны хороолол болгох асуудал
Х.Баттулга: Сонгууль болох гэж байна биднээс Хамтарсан Засгийн газарт ороод юу хийв гэж сонгогчид асууна. Тэрнийгээ ний нуугүй ярих хэрэгтэй. Юунаас нь нуудаг юм бэ. Гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр батлагдсан байгаа. 100, 250 мянган айлын хөтөлбөр батлагдсан байгаа.
З.Энхболд: Хөтөлбөр батлагдсан биш орон сууц баригдсан уу?
Х.Баттулга: Орон сууцны хөрөнгө мөнгийг шийдэж өгөөгүй. 2009 онд 5000, 2010 онд 8000 айлын орон сууц баригдсан. 2011 оны тоо одоогоор гараагүй байна. Одоогийн байдлаар 18 мянган айлын орон сууц баригдаад байгаа.
З.Энхболд: 100 мянгаас 18 мянга баригдсан юм байна тэ.
Х.Баттулга: 100 мянга гэсэн тоо байхгүй. Бид үүнийг өөрсдөө санаачилсан.
З.Энхболд: Гэхдээ 100 мянга чинь УИХ-ын шийдвэр шүү дээ.
Х.Баттулга: Хамтарсан гэрээн дээр байхгүй.
З.Энхболд: Энэ зээлийн хугацаа нь уртасч, хүү нь буурсан юм уу?
Х.Баттулга:Буураагүй.
З.Энхболд: Яагаад
Х.Баттулга: Мөнгөний асуудал дээр гацсан.
З.Энхболд: Саяхан С.Баярцогт сайд УИХ мөнгөний асуудлыг шийдэж өгсөн гэсэн. Тэгэхээр Засгийн газар байраа бариагүй болж таарч байна шүү дээ.
Х.Баттулга: Манай салбар дээр лав мөнгө шийдэж өгөөгүй. Төмөр зам барихад нэг төгрөг ч өгөөгүй.
Д.Эрдэнэбат: З.Энхболдоо хурдлахгүй бол цаг болохоо байж байна.
З.Энхболд: Иргэн бүрт жилд нэг удаа нарийн мэргэжлийн цогц үзлэг, оношлогоог иж бүрнээр хийх арга хэмжээг үнэ төлбөргүй хийнэ гэжээ. Үнэ төлбөргүй оношлогоо явж байгаа юу?
С.Ламбаа: Би социализмын маягаар хариулт өгсөн энэ тэр гэж шүүмжлүүлээд бүгдийг нь уншчихсан. Иргэн бүрт нэг удаа үзлэг оношлогоог хийх арга хэмжээг Эрүүл мэндийн даатгалын системд өөрчлөлт хийгээд нэг хүнд 30 мянган төгрөг төсөвлөж, жилдээ 1.2 тэрбум төгрөг энэ үйлчилгээнд зориулагддаг тогтолцоо руу шилжсэн.
З.Энхболд: Үнэгүй шинжлүүлж болж байгаа юу.
С.Ламбаа: Энэ мөнгөөр үнэгүй хийлгэж байгаа. Даатгал төлж байгаа гэсэн үг.
З.Энхболд: БОАЖ-ын сайд Л.Гансүхээс асууя.
Д.Эрдэнэбат: Л.Гансүх сайд байхгүй байна. Дуусч байна уу.
З.Энхболд: Би гурав дахь хуудсан дээрээ явж байна. Энэ чинь долоон хуудас шүү дээ.
Д.Эрдэнэбат: Энэ муу хэдэн сайд нараа гөлийлгөөд зогсоогоод байх юм уу.
З.Энхболд: Би ч гэсэн зогсож байна л даа. Куланда дэд сайд. Ерөнхий боловсролын сургалтын агуулгыг шинэчилж, багш нарыг зөөврийн компьютертэй болгох нөхцлийг бүрдүүлнэ. Миний сонсоноор дөнгөж 5*5*2 гэсэн хөтөлбөр батлуулах гэж сонгуулийн жил дуусч байхад орж ирж байна.
Ч.Куланда: Кембрижийн стандарт гэдэг зүйлийг нэвтрүүлж байгаа. Компьютерийн хувьд олон хувиар нэмэгдсэн. Шинэ зууны боловсрол гэдгээр төсөвт сууж, нийт сургуулийн 80 хувь нь энэ хөтөлбөрт хамрагдана.
З.Энхболд: Багш бүрийг зөөврийн компьютертэй болгоно гэсэн байна.
Ч.Куланда: 15 хувьтай байгаа.
С.Баярцогт: Багш нарыг бүгдийг нь зөөврийн компьютерээр хангах ажил энэ 2012 онд бүрэн хийгдэнэ. Хятадын хөнгөлөлттэй зээлийн 60 хувь нь эрүүл мэнд, боловсролын салбарт зориулагдана. Үүний үр дүнд бүх багш зөөврийн компьютертэй болж, сургуулиуд цахим сүлжээнд шилжинэ.
З.Энхболд: Мэргэжлийн боловсрол олголт, хөдөлмөр эрхлэлт бий болгож сургалт үйлдвэрлэлүүдийг нэмэгдүүлнэ. Мэргэжлийн сургалт үйлдвэрийн сургуульд суралцагчдын тоо нэмэгдсэн үү?
Ч.Куланда: Гурав дахинаас ч илүү нэмэгдсэн байгаа. Мэргэжил сургалтын төвд Оюутолгой болон бусад хөтөлбөрүүдээс гадна олон хэмжээний сургалтын төвүүд ихэссэн.
З.Энхболд: Золжаргал сайдаас асууя. Хөдөөгийн иргэд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд арилжаалах гол нэрийн бараагаа шууд худалдан авах төв байгуулна гэсэн байна
Х.Золжаргал: Хууль батлагдсан байгаа. УИХ-ын тогтоолоор 2012 оны зургадугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулна хэмээн заасан байгаа юм. Тиймээс тогтоолд заасан өдрөөс эхлэн үйо ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.
З.Энxболд: Сонгуулийн дараа юм байна тийм үү?
Х.Золжаргал: Тийм
З.Энхболд: Би сайдуудад нэг зүйл хэлмээр байна. УИХ-аар баталсан зүйлсийг дурдаж хэрэггүй. Одоо бол Засгийн газрын ажил л ярьж байна. Малын бирж ажиллаж эхэлсэн юм уу, үгүй юм уу.
Х.Золжаргал: 2012 оны зургадугаар сараас ажиллаж эхэлнэ. Энэ хугацаанд ажиллуул гэж УИХ-аас даалгавар өгсөн. Үүний дагуу ажиллаж байгаа.
З.Энхболд: УИХ өөрөө буруутай. Говийн бүсийн нэмэгдэл болоогүй. Энэ бол Ху намын сонгуулийн амлалт. Бид үүн дээр өөр саналтай байгааг бүгд мэдэж байгаа. Малчдын даатгал хагас биелэсэн. Уул уурхай руу оръё. Ашигт малтмалын хуулийг өөрчлөе гэсэн. Хэд хэдэн Засгийн газар энэ асуудал руу орсон. Гэхдээ нийтийн өмчийг хуваарилах асуудал болоогүй байгаа. Стратегийн томоохон орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулна гэсэн байгаа. Эдийн засгийн эргэлтэд орсон нь хэд байгаа вэ.
С.Баярцогт: Гишүүд зөвөөр ойлгоорой. Хамаг юм эргээд тоогоор зангидагдаад Сангийн яаман дээр ирдэг учраас би сайд нарыг төлөөлж хариулаад байгаа. Яг одоогийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 15 ордоос Эрдэнэт, Бороо гоулд байна. Шинээр нэмэгдсэн нь Оюутолгой, Тавантолгой байна. Төмөртэйн орд тодорхой хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Одоогийн байдлаар бид “Эрдэнэс МГЛ”-ын дор хоёр охин компанийг байгуулсан. Үе шаттайгаар үйл ажиллагаа явуулна.
З.Энхболд: Эрдэнэт, Бороо гоулд энэ тэр бол байсан шүү дээ. Би шинийгээ яриад байна.
С.Баярцогт. Шинээр эргэлтэд орсон нь Оюутолгой, Тавантолгой.
З.Энхболд: Тавантолгойн том нь бол шийдэгдээгүй байгаа шүү дээ.
С.Баярцогт: Тавантолгой өөрөө лицензийнхээ байршил, зохион байгуулалт нь шийдэгдсэн учраас гол ажлууд нь явсан гэж харж байна.
З.Энхболд: Бид нар 30 сая тонн энэ тэр гэж ярьсан даа. Одоо хэд болоод байгаа билээ.
С.Баярцогт: Өнгөрсөн оны эргэлт 15 орчим байгаа.
З.Энхболд: Стратегийн ордыг эргэлтэд оруулж олсон уул уурхайн орлогоос 1.5 сая хүртэлх төгрөгийг иргэн бүрт хүртээнэ гэсэн. Бид иргэн бүрт хүртээх хувьцаагаа өгсөн 442 мянган иргэнд өгөх мөнгийг төсөвт суулгасан байгаа. Манай талаас харвал энэ болж байгаа. Нөгөө талаас харвал болоогүй байгаа.
С.Баярцогт: Би үүнийг хэвлэлийнхэн байгаа учраас хэлье. Тогтоол нь бүрэн шийдэгдсэн. 2012 оны зургаан сар гэхэд иргэн бүр 500 мянган төгрөгөө бэлнээр авчихна. Дараа нь иргэн болгон дээр сая төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцааг өгнө. Иргэдэд сонголт байгаа. Би IPO хийхгүй гэвэл мөнгөө авч болно. IPO хийхийг хүлээвэл илүү их мөнгө болж өснө. Одоо төсөвт иргэд Засгийн газарт хувьцаагаа зарахыг хүсвэл худалдаж авах 334 сая төгрөг суусан байгаа. Дараа нь бид үнэдэсний аж ахуйн нэгжүүддээ нэрлэсэн үнээр нь хувьцааг зарна. Эндээс 1.8 их наяд төгрөг босгоно гэж үзэж байна. Энэ нийт хувьцаа авсан иргэдийн 16.5 хувийг мөнгөжүүлэх боломж байна.
З.Энхболд: Х.Золжаргалаас асууя. Боловсруулах үйлдвэрийн монгол брэндийг бий болгож, ноос ноолуураас нь 100 хувь ашиглаж, эцсийн бүтээгдэхүүн болгох зорилт тавьсан.
Х.Золжаргал: Дэлхийн ноос, ноолуурын холбоонд Монгол Улс элссэн. Бид өндөр хөгжилтэй улсуудад бүтээгдэхүүнээ шууд экспортлох боломжтой болсон. Эхнээсээ Япон болон европын холбоо руу экспортолж байгаа. Ажил эхэлцэн явж байна.
З.Энхболд: Нефть боловсруулах, нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх томоохон төслүүдийг хэрэгжүүлж, бензин шатахуунаар дотоодын хэрэгцээгээ хангах
Х.Баттулга: Үйлдвэрүүд баригдаагүй. Зөвшөөрлүүд нь өгөгдөөгүй байж байгаад сая оны эцсээр төрийн өмчид гэсэн юм оруулж ирсэн. Уг нь Монгол Улс хөгжих гээд байгаа юм бол хамгийн түрүүн нефть боловсруулах үйлдвэр барих хэрэгтэй. Энэ тал дээр Засгийн газар хойрог ажилласан нь үнэн. Хувийн хэвшил ажлаа сайн хийсэн. Зөвшөөрлийг нь өгөөгүй учраас мөнгөө босгож чадаагүй.
З.Энхболд: Нүүрс шингэрүүлэхийг нь хэн ярих вэ. Нефть боловсруулахыг нь Ариунсан ярих юм уу.
Х.Баттулга: Манай дээр ажиллаж байсан залуучууд өөрсдөө санал гаргаад нэлээд их хэмжээний мөнгөөр төслүүд хийсэн. Германы төсөл байгаа. Сая Германы канцлер ирэхэд бид энэ төслөө танилцуулсан. Хамтарч ажиллах тал дээр санаачлагатай ажиллая гэсэн. Цаас нь бэлэн болсон болохоор шавдуулж ажил болгох хэрэгтэй.
З.Энхболд: Сайд аа, цаас бэлэн болгох биш. Ингэж бичсэн байна. Төслүүдийг хэрэгжүүлж, дотоодын хэрэгцээгээ хангана. Нэг, хоёр литр шатахуун гаргасан юм байна уу?
Х.Баттулга: Гараагүй.
Д.Эрдэнэбат: Ариунсанд хэлэх юм байхгүй юу.
З.Энхболд: Нүүрсэн дээр л юм хэлэхгүй бол өөр зүйл байхгүй биз дээ. Бензиний үнэ нэмсэн хэрэгт орчихоод байгаа шүү дээ.
Б.Ариунсан: Өмнөговьд л гэхэд эхний ээлжинд хоёр нүүрс боловсруулах эхний шатны үйлдвэр ашиглалтад орсон. Нэг нь 15 сая, нөгөө нь гурван саяынх. Мөн Дорноговь аймагт байгаа.
З.Энхболд: Бүтээгдэхүүн гарсан юм уу?
Б.Ариунсан: Гарч байгаа. Эхлээд угааж байгаа.
З.Энхболд: Дэд бүтэц рүү орьё. Олон улсын нисэх буудал, говийн өмнөд хэсгийн төмөр зам, ус цахилгааны дэд бүтэц, зүүн бүсийн төмөр зам зэрэг мега төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ гэжээ.
Х.Баттулга: Хөшигтийн хөндийн нисэх буудлын ажил ёстой цаасан дээр явж байгаа. Энэ манай яамнаас шийдвэр гаргахад нь ордоггүй. Японы хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа учраас тэндээс шалтгаалж байгаа. Засгийн газарт анх танилцуулаад төслөө томруул гээд хэлчихсэн чинь түүн дээрээ гацсан. Тендерийнхэн явцыг япончууд хариуцаад хийж байгаа. Мега төслүүд гэдэг дээр бид Замын Үүд, Алтанбулаг чиглэлд хурдны зам барья гэсэн. Үүний ТЭЗҮ-г хувийн хөрөнгөөр хийгээд ТӨХ-нд хүлээлгэж өгөөд ТӨХ дээр тендер зарласан. Одоогоор ТӨХ дээр гурван том компани саналаа хүргүүлсэн байгаа. Бараг саналаа задалсан байгаа байх. Энэ концессын хуулиар явна байх. Говийн бүсийн шинэ боомт хотуудыг нээх зурагнуудыг гаргаж, Засгийн газраар батлуулсан. Төмөр замын бодлого мөн ингэж гарсан байгаа.
З.Энхболд: Бодлого биш яг одоо баригдсан зүйл асуугаад байна. Биежсэн, барьж болох зүйл байна уу?
Х.Баттулга: Бүгдээрээ зурган дээр байгаа.
З.Энхболд: Төмөр замын хоёр дахь шугамын ажлыг эхлүүлнэ гэжээ.
Х.Баттулга: Замын Үүд-Алтанбулгын 1100 км замыг хос болгоно гэсэн зүйлийг мөрийн хөтөлбөрт тусгасан. Сая үүний 3.6 км-ыг тавиад эхэлсэн байгаа.
З.Энхболд: 1100 км-ээс гурван км тавидсан гэж байна.
Х.Баттулга: Улсын төсвөөс мөнгө өгөөгүй.
З.Энхболд: Замын Үүд-Улаанбаатар-Алтанбулаг, Ярант-Ховд-Өлгий-Улаанбайшинтыг холбосон хатуу хучилттай зам тавьж, азийн авто замын сүлжээнд холбоно.
Х.Баттулга: Азийн 32 дугаар зам. Энэ бол Монголын нутаг дэвсгэр дээгүүр дамждаг транзит хөдөлгүүр. Үүний зам тавилтын ажил 50 хувьтай явж байгаа.
З.Энхболд: Холбогдоогүй байгаа юм байна.
Д.Эрдэнэбат: 50 хувьтай явж байгаа юм байна.
З.Энхболд: Уг нь холбоно гэсэн юм байна. Бүх аймгийг хатуу хучилттай замаар холбоно.
Х.Баттулга: Бүх аймгийг хатуу хучилттай замаар холбоход 5600 км зам тавих хэрэгтэй. Үүнийг улсын төсвөөр барахгүй учир Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлнэ гэж УИХ-аас Хөгжлийн банкийг баталсан. Энэ 5600 км-ийн 1200-гийн зураг бэлэн болсон. Үлдэгдлийн зураг хийгдэж байгаа.
З.Энхболд: Яг барьж болох зам байна уу?
Х.Баттулга: 2011 онд 1300 км замыг ЗТБХБЯ барьсан. Энэ бол түүхэнд байгаагүй тоо.
З.Энхболд: Говийн Ухаа худгийг оруулаад уу?
Х.Баттулга: Оруулаад.
З.Энхболд: Оруулахгүйгээр бүх аймгийг хатуу хучилттай гэсэн байна.
Х.Баттулга: 1300-д энэ тоо орж байгаа. Үүнээс гадна 5600 км зам хэрэгтэй. Хөрөнгийг нь Хөгжлийн банкнаас гаргана гэсэн.
З.Энхболд: Улаанбаатар-Мандалговь, Оюутолгой-Тавантолгой чиглэлд хатуу хучилттай зам барина.
Х.Баттулга: 40 хувьтай байгаа.
З.Энхболд: Одоо шууд Улаанбаатараас давхихад 40 хувь хар замаар явна гэсэн үг үү?
Х.Баттулга: Тэгнэ. Дундговь хүртэл тавигдсан байгаа.
З.Энхболд: Улаанбаатар хотын хар замыг бүхэлд нь шинэчилж, нүхэн гарц барина.
Х.Баттулга: Улаанбаатар хотод өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэлээд ажил хийсэн. Баруунаас зүүн рүү орж ирдэг замуудыг өргөтгөсөн байгаа. Улаанбаатар хотыг тойрсон зургаан гүүр бий. Үүнээс Тэрэлжийн гүүрээс бусдыг нь засч дууссан. Маршаллын гүүр ашиглалтад орсон. Японы тусламжаар төмрөөр угсарч хийдэг гүүрнүүд 8-11 сард ашиглалтад орно. Өөрөөр хэлбэл, энэ ажлууд 100 хувь биелсэн.
З.Энхболд: Нийслэл Улаанбаатар хотыг олон улсын жишигт хүргэх төсөл, хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлнэ. Нийслэлд дулааны болон эрчим хүчний шинэ эх үүсвэр барьж байгуулна.
Х.Баттулга: Японы “Жайка” байгууллагтай хамтран ажиллаж байгаа. 2013 онд УИХ-аар оруулна.
З.Энхболд: Нийслэлд дулааны болон цахилгааны шинэ эх үүсвэр хэд байгуулагдсан бэ?
Б.Ариунсан: Тавдугаар цахилгаан станц байгуулагдахаар бэлтгэл ажил нь бараг бүрэн хангагдаад байна. Тендер нь зарлагдаад явж байна.
З.Энхболд: 2008 онд байгуулах асуудлыг нь шийдсэн байсан шүү дээ. Одоо барих тухай ярисаар байгаа юм уу?
Б.Ариунсан: Энэ онд баригдаж эхлэнэ.
З.Энхболд: Монгол Улсын өрх, айл бүрийг эрчим хүчээр хангана гэж байна?
Б.Ариунсан: Үндсэндээ Дөргөн, Тайширын цахилгаан станц ашиглалтад орсноор улсын хэмжээнд эрчим хүчний сүлжээнд ороогүй зургаахан сум үлдэнэ.
З.Энхболд: Багануур, Шивээ Овоогийн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станцууд байгуулж, говийн бүсийн үйлдвэрүүдийг байгуулж, илүүдлийг экспортолно.
Д.Эрдэнэбат: Багануур, Шивээ Овоод нүүрсний уурхай байхгүй нойл.
З.Энхболд: Аялал жуулчлалын бүсүүдийн нэр төрлийг олшруулж, жуулчдын тоог нэг сая болгоно гэжээ. Жуулчны тоо сая хүрсэн үү?
Х.Баттулга: 2011 оны тоогоор 450 мянган жуулчин байгаа.
З.Энхболд: Шударга ёс, хариуцлагатай төрийг бий болгоно гэсэн байна. Шат шатны сонгуулийг боловсронгуй болгоно гэсэн байна. Батлагдсан хуулийн тал нь Л.Болд сайдынх тул хариулах уу.
Л.Болд: УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг өргөн барьсан. Ямар ч байсан сонгуулийн шинэчлэлт хийгдэнэ байх.
З.Энхболд: Төрийн албан хаагчдын ёс зүйн хуулийг батлан мөрдүүлнэ. Хууль батлана гэхээр УИХ-ын ажил байх. Энэ бол хэрэгжээгүй.
Д.Эрдэнэбат: З.Энхболд гишүүн өөрөө хариулчихлаа.
З.Энхболд: Улс орны хөгжилд нөлөөлсөн олон улсын таатай орчинг бий болгох батлан хамгаалах, гадаад харилцааг өргөжүүлнэ.
Л.Болд: Нэлээд тодорхой ажлууд хийсэн. Батлан хамгаалах, гадаад харилцаа бол Монгол Улсын нүүр царай болох хэмжээнд байгаа.
З.Энхболд: За бусад нь дандаа биелэсэн заалт байгаа. Сайдаа авна, дэд сайдаа авна. Байнгын хороодын дарга нараа хуваана гээд л.
Д.Эрдэнэбат: Хуваасан л бол биелэсэнд тооцох нь.
З.Энхболд: Би яагаад ийм цаг авсан юм хийгээд байгаа юм бэ гэхээр ҮЗХ үүнийг ярихгүй бол над шиг ийм сонгогч энэ гэрээг чинь олж аваад асуух учраас бид хэд дотроо нэг ойлголттой болье. Хамтарсан Засгийн газарт ороод бүтсэн зүйл бий. Бүгдээрээ бүтээгүй биш шүү дээ. Бүтээгүй зүйлийг нь ил тод яръя. Хүнд нөхцөлд ажилласан сайд нартаа баярлалаа гэж хэлэх нь зүйтэй байх.
Д.Эрдэнэбат: Хүнд хэцүү цагт ачааны хүндийг үүрч, намынхаа даалгаврыг дагаж, өөрт нь хэцүү байгаа ч энэ албан тушаалаас илүү үзэл бодолтоо тууштай байгаа сайд нартаа ҮЗХ-ны гишүүдийн нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
З.Энхболд: Хамтарсан Засгийн газарт үнэлэлт, дүгнэлт өгөх энэ гэрээг манай ҮЗХ-ны гишүүдэд Д.Эрдэнэбат тарааж өгнө байх. Үүнийг ярихад бэлтгэлтэй байгаарай. Өөр өөрийнхөөрөө дуурна байх. Сонгуулийн жил эхэллээ. Өмнөх сонгуулийн хууль зөвхөн сонгуулийн сард хэрэгждэг байсан бол одоогийн хууль нэг сарын 1-нээс эхлэж байгаа. Бид өөрсдийнхөө хийсэн юм аа хийснээр нь хэлээд чадаагүй зүйлээ чадаагүйгээр нь хэлээд явахгүй бол Засгаас гарангуутаа нөгөө портнероо муулаад байгаа юм шиг муухай харагдана. Тиймээс байгаа юмыг байгаагаар нь бодитой дүгнэх хэрэгтэй байх. Дараагийн дөрвөн жилд ялаад мөрийн хөтөлбөрөө гаргах даа их хариуцлагатай хандмаар юм байна. Гурван жилийн өмнө энэ гэрээг байгуулах ҮЗХ-ны хурал ийм сэтгэл хөөрлөөр явагдсан. Эдийн засаг ч сайхан харагдаж, том уурхайнууд бүгд ашиглалтад орчихоор харагдаад байсан. Энд бичигдсэн бүх зүйлийг бүтнэ гэж хамтарсан. Гэтэл одоо бид үүндээ ороогдох тал руу яваад байгаа тул дараагийн Засгийн газар ялчихаад хийх юм аа баримжаатай цаас үйлдэхгүй бол шургалж унана гэдгийг би хэлэх гээд байна.
Ингээд цааш нь бусад гишүүдийн асуулт, хариулт үргэлжилсэн юм. З.Энхболд гишүүний энэ асуулгын дараа О.Магнай, Р.Бурмаа болон бусад гишүүд нэлээдгүй маргаан дагуулсан асуудлын талаар ярьж байлаа.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ