Сонголтгүй сонгуулийн дахилт

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд иргэд гэхээсээ улс төрийн хүчнүүд сэтгэл дундуур байна. Хэрвээ сонгогчдын ирц сайн байсан бол аль нэг нэр дэвшигч нь 50 хувиас дээш санал авч болох байлаа , түүхэндээ анх удаа сонгуулийн санал хураалт дахиж байна” гэж зохион байгуулагчид ярьж байна.
Ер нь түүхэндээ гэж яривал Ерөнхийлөгчид гурван байтугай таван эрхэм нэр дэвшихэд ч сонгогчид хэн нэгэнд нь олонхийн санал өгч, төрийн тэргүүнээрээ сонгодог байлаа. Харин энэ удаад улс төрийн хүчнүүд нэр дэвшигчдээ онож сонгоогүй, сонголтгүй сонгууль сонгогчдын ирцийг бууруулахад хүрсэн нь ердөө нэг тал нь.
Сонгогчдын идэвх муу байна гэж бидэн рүү чихдэг нь төрийн гэм биш зан. Өмнөх сонгуулийн жилүүдтэй харьцуулахад сонгогчдын идэвх буурсан тоон үзүүлэлт байгаа нь үнэн. Нөгөө талаас төрд итгэх иргэдийн итгэл улам бүр алдарсаар байгааг сонгогчдын үгээр үйлдлээрээ ч харуулж байгаагийн илрэл. Үүний төр, засгийн эрх баригч улс төрийн хүчнүүд мэдэхийн дээдээр мэдэж байгаа ч мэлзэж талтай ханддаг.
Аль ч улс төрийн хүчин төрийн эрх барьж байх үедээ “манай нам сайн ажилласан бусад нь буруу бодлого барьсан” гэж ээлж дараалан ярьсаар 20 гаруй жилийн нүүр үзлээ. Цаашдаа энэ хэвээр улс төрийн хүчнүүд өөрсдийгөө магтсан үгийг мянга давтаад байх уу, үйл хэргээрээ иргэдээс магтаал сайшаалын үг сонсох уу гэдгээ ч сонгох цаг ирж.
Төрийн тэргүүнийг сонгох сонгуулийн санал хураалт дахин явагдах нь улс төрийн хүчнүүдэд ч , олон нийтэд ч таатай зүйл асуудал биш. Сонгуулийн дахин санал хураалтыг зохион байгуулахад нийтдээ 7.2 тэрбум төгрөгийн зардал гарахаар тооцоолсон байна лээ.
Хүүхдүүддээ олгодог мөнгийг танаж, шатахууны үнийг нэмэн байж санхүүгийн сахилга баттай болохоор ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан эдийн засгийн хүндрэлтэй энэ жилүүдэд 7.2 тэрбумыг дахин сонгуульд зарцуулна гэдэг тэмээн дээр ямааны гарз. Манай улстөрчдийн жишин ярьдагаар энэ мөнгө хичнээн нь хүүхдийн сургууль, цэцэрлэг барих зардал билээ. Ер нь сонголтгүй сонгуулийн дахин санал хураалт явуулах болсон хариуцлагыг хэн хүлээх вэ. Буруутан байхгүй ч ирцээ бүрүүлсэн сонгогчид бидэнд бурууг тохож хэрэггүй.
Одоо нэгэнтээ СЕХ-ны шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэг бидэнд үлдээд байгаа. Наадам сонгууль хоёр зэрэг явагдаж, хаврын чуулган ч завсарлах нь. Уг нь наадмын өмнө хаврын чуулган завсарлахаар парламент уртасгасан цагаар хуралдаж, хуулиудыг бөөндөн баталснаар их улстөр түр намждаг байлаа.
Өнөөдөр манай улсын хувьд их амралтын улирал эхэлсэн. Тиймээс ч иргэд агаар салхинд гарч, алжаалаа тайлахаар хөдөө орно нутгийг зорьдог үе. Тэр дундаа наадмын өдрүүдэд гэр бүл, найз нөхдөөрөө байгалийн сайханд өнгөрүүлдэг. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт явуулахаар СЕХ товлосныг өрсөлдөгч улс төрийн хүчин болон олон нийтийн зүгээс хардалттай хүлээн авч байгаа юм. Энэ нь ч аргагүй юм.
Наадмаар сонгуульдахаар сонгогчдын ирц хүрэхгүй байх талтай. Хэдийгээр өрсөлдөгч хүчнээс дахин санал хураалтын товыг өөрчлөх шаардлагыг хүргүүлж байгаа ч сонгуулийн төв хороо гаргасан шийдвэрээсээ буцахгүй биз.
Харин энэ жилийн тухайд наадамтай зэрэгцэн сонгуульдсан намрын урт өдрүүд үргэлжлэх нь. Энэ жилийн наадмын сонин хачин түрүү бөх биш төрийн тэргүүн болохоор байна.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ