Сонгогчдын сануулга

Үндэсний их баяр наадмын уур амьсгал орж, төр, түмнээрээ энэ жилийн түрүү бөх, мэргэн харваач хурдан морьдыг тааварлан, таамагладаг өдрүүд долдугаар сартай зэрэгцэн ирдэг. Харин энэ жилийн тухайд монголчууд бидний хувьд сонгуулийн жилээ бүрэн өндөрлөөгүй байна.
Энэ долоо хоногт их улс төр үргэлжилнэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулиар тавь дахь төрийн тэргүүнээ сонгохоор дахин санал хураалт өгнө. Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад МАН-аас нэр дэвшигч МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд, АН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн асан Х.Баттулга нар өрсөлдөх юм.
Бид түүхэндээ анх удаа дахин санал хураалт явуулж байна. Дахин санал хураалтыг дагасан нэмэгдэл зардал нь 7.2 тэрбум төгрөг. Эдийн засгийн хүндрэлтэй, ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан манай улсын хувьд энэ нь сул зарлага. Гэвч сонгогчдыг дахин саналаа өгөхөд хүргэсэн хариуцлагыг улс төрийн хүчнүүд хүлээж, цаашдаа төрийн тэргүүнд нэр дэвшигчээ өөрсдийн бус олон түмний, цаашлаад улсын эрх ашгийг харж нэр дэвшүүлэх хэрэгтэй гэдгийг сонгогчид хатуу санууллаа.
Дахин санал хураалтаар сонгогч болоод нэр дэвшигчдээс хоёр зүйлийг шаардаж байгаа. Нэр дэвшигчдийн аль нэг нь олонхийн санал авсан байх ёстой. Ерөнхийлөгчийн сонгуулийн анх шатны санал хураалтаар нэр дэвшигчид олонхийн санал авч чадаагүйгээс дахин санал хураалт явуулж байгаа нь энэ.
Нөгөөтэйгүүр сонгогчдын ирцийг бүрдүүлэх шаардлагатай. Гэхдээ дахин санал хураалтаар сонгочдын ирц бүрдсэн ч хүчингүй саналын хуудас дахин сонгууль явуулахад хүргэх вий гэсэн болгоомжлол зохион байгуулагчид байгаа. Учир нь хүчингүй саналын хуудас нь нэр дэвшигчдийн аль нэгийг сонгогчдын олонхийн саналыг авч чадахгүйд хүргэх талтай. Гэхдээ энэ бүхэн дахин санал хураалтын өмнөх болгоомжлол.
Сонгуулийн жилээр сонгогчдын ирц буурсаар ирсэн. Сонгогчдын ирц нэмэгдэх эсэх нь сонгогчдод боловсрол олгохоос ихээхэн хамаарах юм. Манайд сонгогчдод боловсрол олгох төв гэж нэг бус хэд хэдэн төрийн бус байгууллагын нэр дуулддаг. Гэвч эдгээрийн үйл ажиллагаа нь сонгуулийн жилээр л сэргэхээс бусад үед “ичээндээ байдаг” байсан. Харин сонгуулийн жилээр тэд ичнээсээ ч гарсангүй. Учир нь цөөн хоногийн хугацаатай Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед ч сонгогчдод хандсан зөвлөгөө зөвлөмж өгөх талаар ганц үг ган хийсэнгүй.
Харин сонгуулийн сурталчилгааны явцад мониторинг хийсэн төрийн бус байгууллагын мэдээллээс санал хураалтын өдрийн мониторинг анхаарал татаж байлаа. Үүнд:
-Санал бэлтгэх бүхээгүүдийг хооронд нь хэт ойр зайтай байрлуулснаас сонгогч саналаа нууцаар бэлтгэх боломж бага, саналын нууцлал алдагдах магадлалтай байсан.
-Сонгуульд санал өгөхтэй холбоотой мэдээлэл сонгогчдод дутмаг байснаас сонгогч саналын хуудсанд саналаа хэрхэн тэмдэглэх талаарх мэдээлэл дутмагаас саналын хуудас хүчингүй болсон.
-Саналын хуудсыг төхөөрөмжид уншуулахад хүндрэлтэй байсан байна. Үүний улмаас сонгогчийн саналын нууцлал алдагдах, бусад хүмүүст харагдах тохиолдлууд гарч болзошгүй байжээ.
-Сонгогч хэсгийн хороогоо мэдэхгүй андуурсан тохиолдол гарсан.
-Түүнчлэн хэсгийн хороодод Сонгуулийн тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд хоосон саналын хуудас уншуулсан иргэдийг заавал аль нэг нэр дэвшигчийн өмнөх дугуйг бөглөхийг шаардах тохиолдлууд байсан.
-Мөн сонгогч нэгээс олон нэр дугуйлах тохиолдлууд гарчээ. Энэ нь сонгуулийн хууль батлагдсанаас эхлээд тухайн сонгуулийн жил хүртэл сонгогчдод боловсрол олгох, сонгогчдын эрхийг зөрчихгүй байхад анхаарах шаардлагатайг ч сонгууль зохион байгуулагчдаас шаардахад хүрч байна. Сонгуулийг зохион байгуулагчид сонгуулийн жил “Сонгуульдаа идэвхтэй оролцоорой” гэсэн жижүүрийн үгээ хэлж, сурталчилгааны хугацаатай уралдан хэсгийн хороо, саналын хуудсаа хэвлүүлж, санал хураалтын өмнөх өдөр саналаа хэрхэн дугуйлахыг нэг удаагийн хэвлэлийн мэдээллээр мэдээлээд өнгөрдөг. Энэ мэдээлэл нь тэр бүр сонгогчдод хүрээд байдаггүй. Сонгогчид харъяа оршин суугаа газрынхаа бүртгэлд байгаа л бол тэр бүр гомдол гаргаад байдаггүй.
Тиймээс л дээрх зөрчил, дутагдал сонгууль бүрээр давтагдан гарсаар ирсэн. Цаашид сонгууль зохион байгуулагчид “ Төрийн албан цөөн хэдхэн хүн бүхэл бүтэн 1.9 сая сонгогчид үйлчилж байна, чадах чинээгээрээ зүтгэж байна” гэж хариу тайлбар хийлгүй зөрчил, дутагдлаа аргилахад анхаарах хэрэгтэй. Ер нь тангараг өргөсөн бол ажлаа хийх нь тэдний үндсэн үүрэг. Тэд улс төрийн намуудад бид иргэдэд үйлчлэх ёстой гэдгээ ч эргэн санах хэрэгтэй.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар улс төрийн намуудад ч, сонгууль зохион байгуулагчдад ч сонгогчид эхний сануулга өглөө.
Ямартай ч дахин санал хураалтаар шинэ төрийн тэргүүнээ сонгож, наадмаа нээлгэх чин хүсэл олон нийтэд байгаа гэж итгэнэ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ