Элдэв хээгүй Хүй долоон худаг, эрлийз адууг хассан монгол уралдаанаас түүсэн бодол

“Энэ жилийн наадам өндөрлөлөө. Ирэх жилийн наадам хүртэл хол байна даа” гэлцсээр наадамчин олон, хурдан хүлгээ уяж ирсэн уяачид Хүй долоон худгаас нутаг нутгийн тийш, гэр гэрийн зүг таран одож байна. Монгол хүн амныхаа бэлгээр наадам сайхан болсоон. Ардын хүүгийн морь түрүүлсэн Хүй долоон худгийн наадам сайхан боллоо. Элдэв чамирхалаас ангид байхыг эрмэлзсэн, эрлийз адуугаар чимдэг уралдааны дүрмийг өөрчилсөн наадам сайхан байлгүй яахав. Сайхан монгол монгол морь түрүүлээд ирэхэд самсаа шархирч, огшихгүй яах билээ. Бахархал, омогшил төрөхгүй яах вэ. Үүний зэрэгцээ санаа авах, эргэцүүлэн тунгаах, цаашид бодлого болгож хэрэгжүүлэх олон зүйл байв.
Сэтгүүлч хүний хувьд эхэлж харсан, нэхэгдсэн зүйл бол Морины салбар хороо, комиссын галын дэргэд сэтгүүлчдэд зориулсан интернэтийн сүлжээ бүхий компьютерууд, шууд дамжуулалтыг харж болох телевиз, ширээ сандал гээд ажилалх орчныг бүрдүүлсэн гэр барьдаг байснаа больжээ. Хоосон гэрт хэдэн сандал хааш яаж хаячихсан, ядаж тэнд нь утас, зөөврийн компьютер цэнэглэх цахилгааны үүсвэр ч байсангүй. Улсын наадам, улс даяараа баясан цэнгэж, мэдээ, мэдээллээ хурдан шуурхай авч наадмаар сан. Телевизүүд шууд дамжуулж байгаа юм чинь цахим сайт, сонины хэдэн сэтгүүлч яах вэ гээд хаячихаж болох ч монгол түмний мэдэх эрх, тэгш байх зарчим гэж нэг юм бий. Тэгвэл түмэн олныхоо мэдэх эрхийг зөрчсөн наадам Хүй долоон худагт боллоо.
Хурдан морины уралдааны тухайд энэ жил эрлийз, монголоор нь ялгаж уралдуулсныг зөв гэж үзэж, Шадар сайд У.Хүрэлсүхийн шийдвэрийг монголчууд дуу нэгтэй дэмжин уухайлав. Үнэхээр ч зөв шийдэл, олон жил ард түмний, жирийн малчдын хүсэн хүлээсэн хурдан морины уралдаан болж чадлаа. Мөнгө, эрх мэдэл, нэр алдарт хүрсэн том уяачид маань мориныхоо цусыг сайжруулж, шинэчилж байна хэмээн сүүлийн жилүүдэд эрлийз адуу оруулж ирснээр Монгол наадмын маань нэг чимэг болсон хурдан морины уралдаан нэгэн төрлийн үстэй “жийп”-ний уралдаан болсон. Хэдэн арван морины хүчин чадалтай дүйцэх хэмжээний хүчирхэг мотортой машин техник шиг давхидаг эрлийз адуу давхил дундаа монгол морьдыг тэлж, хүч тамирыг нь барж, бахардуулсан цөөнгүй наадмыг бид үджээ. Цөөнгүй уяач шандаст хүлгийнхээ толгойг овоондоо залчихаад хазаар ногтоо ганзагалан нулимстай буцсан наадмуудын ард гарав. Өмнөх наадмуудад нэг насанд л гэхэд 220-350 орчим морь уралдаж байсан. Энэ жил зөвхөн монгол морь уралдуулах шийдвэр гарч, эрлийз морьдыг ялгах үзлэг, шүдлэлтийг Морины комисс, салбар хороод чанд хатуу хийснээр цөөхөн морь уралдлаа. Тухайлбал, хурдан шүдлэнгийн уралдаанд 254 шандаст хүлэг бүртгүүлснээс 59 үрээ уралдав. Хурдан азарганы уралдаанд 172 хүлэг бүртгүүлснээс 98 нь, Их насанд 303 морь бүртгүүлснээс 252 нь уралдлаа. Хурдан хязаалангийн уралдаанд 304 бүртгүүлснээс 153 нь, соёолонги йн уралдаанд 256 хурдан буян бүртгүүлснээс 128 нь тус, тус уралдав. Дааганы уралдаанд 282 бүртгүүлснээс 67 уралдсан. Уралдаж ирсний дараа ч үзлэгээр орж хасагдсан морьд цөөнгүй. 810 гаруй морь энэ жилийн уралдаанаас хасагдлаа.Үүний зэрэгцээ бас “Удам дамжсан унаган адууны минь угшил, монгол адуу юмсан даа, эрлийз гээд хасчихлаа” гээд шогширч яваа уяач ч таарсан. Гомдол гаргаж заргалдаж яваа нь ч байсан. Эрлийз , монголоор ялгах дүйвээнд бас ч гэж монгол адуу хэлмэгдсэн тохиолдлууд мэр сэр гарах шиг боллоо. Уралдаж ирснийх нь дараа хасалт хийсэн зарим тохиолдоос Морины комисс, салбар хороонд ажиллаж буй зарим хүний үзэмж, нөлөө орчихов уу гэсэн хардлага ч бас байна. Энэ мэт бага сага хий орсон байхыг үгүйсгэхгүй ч энэ жилийн хурдан морины уралдаанд зөвхөн монгол адуу уралдуулах шийдэл зөв байлаа. Цаашид зөв болгож, улам сайжруулж, нарийн нягт үзлэг, шүдлэлтийг явуулахад Монгол мориныхоо стандартыг нарийвчилж ягштал мөрдүүлэх хэрэгтэй санагдлаа. Морины комисс, салбар хороодод ажиллах мэргэжилтнүүдээ бэлтгэх хэрэгтэй байх.
Ерөнхийдөө энэ жилийн хурдан морины уралдаанд цөөхөн морь уралдсаны бас нэг шалтгаан нь ихэнх нутгаар газрын гарц тааруу гантай учраас морь уяхад бэрхшээлтэй байгаа тул уяачид тэр бүр ирсэнгүй. Нөгөөтэйгүүр, энэ сарын 28-29-нд төв, хангай, говийн бүсийн их хурд, Хүй долоон худагт болох ММСУХ-ны 20 жилийн ойн хурдан морины уралдаан гээд наадам цөөнгүй, сонголт ч арвин байгаа болов уу. Морьдын хувьд Дундговь, Төв, Өвөрхангай зэрэг газрын гарц жаахан гайгүй байсан газраас ирсэн морьд цээжинд давхилаа. Уралдсан морьдын ихэнх нь тамир муутай, уяа таараагүй, Хүй долоон худагт авчраад газрын гарц муу, гандуу учраас сульдсаных уу эхний 10-аас хойшх морьд эцэж ядарсан, сульдаж унах шахсан харахаас элэг эмтрэм дүр зураг харагдаж байлаа.
Хурдан морины үзлэг, шүдлэлтээс гадна унаач хүүхдүүдийн бүртгэлийг чангатган, цахимжуулсан нь энэ жилийн бас нэг дэвшил байлаа. Нуруу, сэрвээ өндөртэй эрлийз морьдын “жийп” шиг хурдан давхилд тэсэлгүй хийсч унасан, бэртэж, гэмтсэн, амиа алдсан алаг үрсийн минь нулимс ч хатаагүй л байгаа шүү дээ. Хүүхдийн гэх тодотголтой олон байгууллага хүүхдээр бизнес хийж, уралдааны хувцас, малгай гэх чанаргүй бараа шахахаас өөр юм хийдэггүй гэх шүүмжлэл жилээс жилд гарч ирсэн. Мориноос олноороо мориноос унасан, бэртсэн, амиа алдсан асуудал байнга хөндөгдөж байгаа. Энэ жил Хүй долоон худагт хоёр өдөр үргэлжилсэн зургаан насны хурдан морины уралдаанд 10 хүүхэд мориноос унаж хөнгөн гэмтсэн, хүнд гэмтэл авсан тохиолдол гараагүйг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн хамгаалал, хөгжлийн газраас мэдээллээ. Үүний зэрэгцээ зарим эцэг, эхчүүд хараа хяналт муу, өөрсдийн хариуцлагүйгээс хүүхдээ гэмтээж, бэртээх явдал гарч байв. Тухайлбал, хурдан соёолонгууд барианд орох үеэр морины хөлс авахаар хүүхдээ тэвэрч, хөтөлж дайрч гүйлдсэн үзэгчид бага насны таван хүүхдийг ташраар нь морины хөлд дайруулж гэмтээсэн явдал гарсан. Сайхан монгол морьдоо уралдаад ирэхийг харлаа, үзлээ, баяслаа, тосонд нь орлоо болоо биш үү. Заавал хөлсөнд хүрч, сүүл, дэлнээс нь зулгааж авснаар магнай тэнийж, сэтгэл сэргэдэггүй байлтай. Энэ мэтчилэн Хүй долоон худагт бодох эрэгцүүлэх, авах, гээх зүйл олонтой наадам боллоо. Ирэх жилийн наадам илүү сайхан болох биз ээ.
Эх сурвалж:www.polit.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ