MAD MAX бодит амьдрал дээр буюу өнөөгийн Венесуэл

Та бүхэн Венэсуэл улсын өнөөгийн дүр төрхийг харж байна. Таны харж байгаачлан мотоцикл унасан этгээдүүд элсэн чихэр ачсан ачааны машиныг эгээ л “MAD MAX” хэмээх хэтрүүлэгт тулаант киног санагдуулам байдлаар бүчин авч байна. Эд бол энгийн иргэд юм. Та бүхний харж байгаачлан тэд уг машиныг зогсоохын тулд гар хийцийн тэсрэх бөмбөг хүртэл шидэж байна. Улмаар зогссон даруйд бүгд дайрч элсэн чихрийг чадах чинээгээрээ авч буйг уг бичлэгээс үзэж болно.
Венесуэл улс саяхныг хүртэл Өмнөд Америкийн хамгийн хөгжингүй, баян чинээлэг улсуудын нэг гэгдэж байлаа. Саяхныг болтол... Тэр сайхан цаг Николас Мадурогийн засаглалын үеэр эцэс болсон юм. Социалист удирдагч, хувьсгалч, ард түмний жинхэнэ эцэг Уго Чавесийг нас барсны дараа харин эдийн засгийн хувьд итгэмээргүй чөлөөт уналтанд тус улс ороод байна. Энэ бол өнөөгийн Венесуэл улсын шинэ цагийн түүхийн эхлэл байсан юм.
Дотоод мөнгөний бодлого алдагдаж, жолоодлогогүй инфляц буюу мөнгөний ханшны эрс уналт 1600 хувьд хүрээд байна. Өрх бүр амь залгуулахын төлөө л өдрийн бор хоногийг өнгөрүүлж байна. Товчоор хэлбэл өлсөглөн, гуйланчлалд тус улс нэрвэгдсэн.
2014 оноос эхтэй уг эдийн засгийн хямралаас улбаалан сая хол давсан Венесуэлчүүд хил залгаа Колумб руу дүрвэжээ. Сүүлийн 60 жилийн түүхэнд хамгийн олон хүн эх орноосоо дүрвэсэн тохиолдол нь энэ аж.
Нөхцөл байдал улам дордсоор... Зөвхөн нэгдүгээр сард гэхэд л 47000 иргэн эх орноосоо дүрвэсэн байна.
Үүнтэй уялдуулан улс төрийн сөрөг хүчнийхэн ээлжит бус сонгууль явуулах хүсэлтэй байгаа ч Мадуро эрх мэдлээ алдахыг хүсэхгүй байна. Зөвхөн эрх мэдлээ алдахыг хүсэхгүй байгаад зогссонгүй, тэрээр нөлөөгөө улам тэлж, өөрйин эрх мэдлээ улам бататгах алхмуудыг хийж байгаа юм.
Түүнийг эсэргүүцэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр. Сөрөг хүчний лидерүүд албан бус санал асуулга явуулахад 7 сая иргэн түүний үндсэн хуулинд өөрчлөлт оруулах саналын эсрэг буюу нэг хүний хэмжээгүй эрхийн эсрэг нэгдэж чадсан юм.
Хуульч Фрэдди Гүвера нарын хүмүүсээр толгойлуулсан сөрөг хүчин саяхан үүнийг бодитой алхам болгох уриалга гаргаж, өөрсдийн төлөө тэмцэхийг ард иргэдэд уриалсан байна.
Өнөөг хүртэл эрх баригчид болон сөрөг хүчнийхний жагсаал тэмцлийн үеэр гарсан мөргөлдөөнд 100 гаруй энгийн иргэн амь үрэгдээд байгаа гэнэ.
Мадурогийн хувьд засаглалыг гартаа авсныхаа дараагаас бизнесийн таатай орчныг үгүй хийж, хувийн хэвшлийн жам ёсоороо хөгжиж байсан бизнесүүдэд эрх мэдлийн хүрээнд нөлөөлж, улмаар өөрийн гартаа оруулж байсан юм. Түүний холыг харах чадваргүй, өнөө маргаашаа аргацаасан “популист” араншингаас улбаалж одоогийн нөхцөл байдал үүсээд байгаа хэмээн зарим хүмүүс үзэл бодлоо илэрхийлээд амжсан. Автобусны жолоочоос ерөнхийлөгчийн зөөлөн суудалд заларсан Мадурогийн засаглал нуран унахад тун ойрхон байгаа талаар сошиал орчинд ажиглагчид бичиж эхлээд байгаа юм.
Б. Энх-Амгалан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ