Б.Баттулга: “Авьяаслаг Америкчууд” шоунд Монголоос дөрвөн хүн оролцсон

...

“Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт “Авьяалсаг Монголчууд” шоуны оролцогч Б.Шижирбатаас гадна Б.Баттулга гэх дахин нэг монгол залуу оролцож буй талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл энэ удаад түүнтэй онлайнаар холбогдож, цөөн хором ярилцлаа.

 

 

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

 

-Намайг Баттогтохын Баттулга гэдэг. Би АНУ-ын Чикаго хотод эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна. АНУ-д ирээд долоон жил болж байна. Одоогоор “Lakeshore Academy”-д гимнастикийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа. Мөн Чикаго хот дахь циркүүдтэй урт болон богино хугацааны гэрээ байгуулж циркийн үзүүлбэрээ үзүүлдэг.

 

-АНУ-ыг зорьсон хүсэл, зорилгоо хуваалцахгүй юу? Хүний газарт гимнастикийн дасгалжуулагчаар ажилд орох хүртэлх зам мөр дардан байгаагүй болох уу?

 

-Би 2005 онд МУИС-ийг түүхийн багш, архиологич мэргэжлээр төгссөн. Төгсөөд өөрийн сонирхлын дагуу Монголын гимнастикийн холбооны Д.Энхтүвшин багшийн удирдлага дор акробатаар хичээллэж эхэлсэн. Монголд байхдаа усан спортын сургалтын төвд багшилж, урлагийн тоглолт, арга хэмжээнд оролцож байгаад АНУ-ын “Ringling Bros and Barnum & Bailye”-ын уран бүтээлчид Монголоос жүжигчин шалгаруулж авахаар ирсэн байхтай таарсан юм. Ингээд шалгаруулалтад манай студийн гурван уран бүтээлч тэнцэж, АНУ-д ажиллахаар гэрээ байгуулсан. 2009 оны арваннэгдүгээр сард АНУ-д ирж “Ringling Bros and Barnum & Bailye”-д дөрвөн жил ажилласан. Миний хувьд хүнд жингийн, гурвалсан тэнцвэрийн, мөн агаарын үзүүлбэр үзүүлдэг байсан. Гэрээ дуусч, Чикаго хотод ирж амьдрах болсноор дөрвөн жил болж байна.

 

-Тэгвэл “Авьяаслаг Америкчууд” шоунд оролцох шаанс хэрхэн олдов?

 

-Би анх 2014 онд “Авьяаслаг амеркчууд” шоунд найзтайгаа хамт оролцохоор бүртгүүлж байсан. Тэр үед бид хоёрын үзүүлэх гэж байсан шиг үзүүлбэр олон байсан тул биднийг оролцуулаагүй. Мөн өнгөрсөн онд дахин оролцох хүсэлт явуулсан ч дахиад л тэнцээгүй.  Харин энэ жил шоунд оролцох хүсэлтээ дахин явуулснаар оролцох боломж нээгдсэн дээ.

 

-Хоёрдугаар шатанд үзүүлсэн үзүүлбэр тань шүүгчдийг гайхашруулах шиг болсон. Энэ талаар сонирхуулахгүй юу?

 

 

-Модоор жонгилоордох энэ үзүүлбэр дэлхийд ховор. Одоогоор АНУ-д ганцхан би л энэ үзүүлбэрийг тоглож байгаа. Энэ үзүүлбэрийг “Ringling Bros and Barnum & Bailye”-д ажиллаж байсан хоёр хүнээс санаа авч, өөрөө хөгжүүлсэн юм. Нэгдүгээр шатанд боулингийн бөмбөг жонгилоордож, дөрвөн метр урт, 40 кг модоор үзүүлбэр үзүүлсэн. Энэ үзүүлбэрээр дөрвөн “тэнцлээ” авсан шүү. Хоёрдугаар шатанд дөрвөн мерт урт модоо галтай эргүүлсэн мөн зургаан метр урт, 60 кг модон дээр шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг суулган эргүүлсэн. Энэ үзүүлбэрээр шүүгчдээс маш өндөр үнэлгээ авсан. Хайди Клум үзүүлбэрийн дараа Монголын говьд зураг авалтад оролцож байснаа ярьсан.

 

-Гуравдугаар шатанд юу үзүүлэхээр төлөвлөж байгаа вэ?

 

-Дараагийн үзүүлбэрийг урьдчилан хэлэх боломжгүй.

 

-Таниас гадна "Авьяаслаг Монголчууд" шоуны оролцогч Б.Шижирбат уг шоунд оролцсон байх а?

 

-Тийм ээ.“Авьяаслаг монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат оролцсон. Мөн Монголд хос нугаралтыг үндэслэгч Ж.Эрдэнэчимэг багшийн шавь найман настай Б.Марал зэрэг дөрвөн хүн оролцсон.

 

-Цаашдын хүсэл зорилгоосоо бидэнд сонирхуулахгүй юу?

 

-Монгол орныхоо түүх, соёл, урлаг, спортийг дэлхийд өөрийн чадлын хэрээр сурталчлан таниулах нь миний зорилго. Мөн монголын хойч үе болсон хүүхэд залуучуудын хүсэл мөрөөдөл, авьяас чадварыг нээн, хөгжүүлэх үйлсэд хувь нэмэр оруулахыг хүсч явдаг даа.

 

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
Manai mongol ontsgoi iluu baina. Daan ch shuugch nar luivardaad baih yumaa.
2017-07-26
ss:
Goe
2017-07-25
Зочин:
youtube deerh link baival uguuch, haigaach garch irsengui
2017-07-25
Бодь:
Сайхан гэж хэлхэд багадмаар бахархаж байна
2017-07-25