Талибанчууд америк цэргүүдийн аминд хүрчээ

Афганистан улсад үүрэг гүйцэтгэж байсан АНУ-ын хоёр цэрэг амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Уг мэдээллийг Пентагоны хэвлэлийн албанаас баталсан байна.
Афганистаны хойд хэсгийн Кандагар дахь нисэх буудлын ойролцоо террористууд тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэлсэн аж. Дэлбэрэлтийн үеэр олон цэрэг бэртсэн бөгөөд хүнд шарх авсан хоёр цэрэг эмнэлэгийн тусламж авч чадалгүй амиа алдсан болохыг Афганистаны Батлан хамгаалах яам мэдээлэв.
Энэхүү террорист халдлагын ард алан хядах “Талибан” бүлэглэл бий гэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Афганистанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн албан хаагчдын тоог нэмэгдүүлэхээр болсон билээ. АНУ-ын 8000 орчим цэрэг Афганистанд алба хааж, террористуудын эсрэг тэмцэж буй бол эдгээд цэргийн албан хаагч дээр нэмж 4000 цэргийг илгээхээр төлөвлөж буй юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ