Ерөнхийлөгч Темерийг мөрдөн шалгахыг зөвшөөрсөнгүй

img

Бразилийн Ерөнхийлөгч Мишел Темерийг авлига авсан хэмээн буруутгаж, мөрдөн шалгахаар болсон тухайгаа өнгөрсөн зургаадугаар сард Прокурорын Ерөнхий газраас мэдэгдсэн юм. 

 

 

Прокурорын Ерөнхий газар авлигын хэрэгт буруутгагдаж буй Ерөнхийлөгчөө хуулийн дагуу мөрдөн байцаахыг Холбооны Дээд шүүхээс хүссэн. Ерөнхийлөгчийг бразилийн мах, махан бүтээгдэхүүн савлагч томоохон компанийн даргаас авлига авсан хэмээн үзжээ. Темер ард түмэндээ хандан “Би хуулиас гадуур ямар ч буруу зүйл хийгээгүй” хэмээн мэдэгдсэн билээ.

 

Тэгвэл өчигдөр Парламентын Доод танхим Ерөнхийлөгчийг мөрдөн шалгах асуудлаар нууц санал хураалт зохион байгуулсан байна. Санал хураалтад 159 гишүүн оролцсон бөгөөд тэдний нэг нь саналаа өгөхөөс татгалзаж, 12 гишүүн хуралдаанд оролцоогүй гэнэ.

 

Хэргийг шүүхээр цаашид үргэлжлүүлэн авч хэлэлцэхийн тулд дээрх санаачлагыг хууль тогтоох байгууллагын Доод танхимын нийт  513 гишүүний 342 нь дэмжих ёстой байсан юм.  Парламентын Доод танхимын энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгчийн эсрэг үүсгэсэн эрүүгийн процессийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуустал буюу 2018 оны эцэс хүртэл зогсоож байна.

 

Тиймээс Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажлаа хэвийн үргэлжүүлэх боломжтой болж буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ