Фэйсбүүкээр залилуулж, 149 сая төгрөгөөр хохирчээ

img

 

Манай улсад сүлжээний бизнес 1990 оноос үүдэлтэй гэгддэг. Тэгвэл улс орон эдийн засгийн хямралтай байгаа энэ үед сүлжээний тодотголтой бизнес газар авах болжээ. Ялангуяа интернэт орчинд бизнес нэрээр иргэдийн залилах үйлдэл их байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байгаа.

 

Тухайлбал, “Жавхланг Бадруулагч”, “Шинэ санаа төв”, “Холливиуд”, “Глобал ньюс”, “Байгалийн нөхөр сан”, “Математикийн үйлдлийн шинжилгээний нийгэмлэг”, “Монголын буддист залуучуудын холбоо”, “Итгэл сан”, “Хоёр эрдэм сургалтын төв”, “Эрдмийн ундарга сургалтын төв”, “Оюуны төв сан”, “Элсэн цаг”, “Дэбо”, “Байгаль эрдэнэ сан”, “Гүн галуутын Оюун эрдэнэ сан”, “Оюуны зууч”, “Оюуны хөтөч”, “Лаки зон”, “Ундрам цацрах ХХК”, “Даяар хишигтэн ХХК” зэрэг компанид иргэд залилуулж дээрх газруудын үйл ажиллагааг хаагаад байна.

 

Гэвч энэ төрлийн гэмт хэрэгт өртөж залилуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа аж.

 

ЦАХИМ ЗАЛИЛАН

 

Сүүлийн үед хамгийн их газар авч буй залилангийн хэлбэр бол цахим залилан буюу интернэт залилан. Ялангуяа хохирогчдын ихэнх нь гадаадын иргэнд залилуулсан байдаг аж. Монгол улсын иргэд фэйсбүүкээр аль улс орны хэн болох нь тодорхойгүй иргэнтэй харилцаж улмаар тэдний урхинд орж мөнгөө шилжүүлдэг байна. Ийм байдлаар он гарсаар гадны иргэнд долоон иргэн залилуулж 149 гаруй сая төгрөгөөр хохирчээ. Тухайлбал, манай иргэд “Үнэт цаас болон валютын арилжааны зөрүүн дээр мөнгө өсгөх” гэсэн мэдээллийн дагуу сайтад бүртгүүлэн улмаар их хэмжээний мөнгөө залилуулсан байна. Залилагч этгээд фэйсбүүк хаягаар өөрийгөө АНУ-ын иргэн Роберт Людки Эмил гэж танилцуулан Ирак Улсад энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа, АНУ-ын цэргийн командлагч, генерал цолтой, нэг хүүхэдтэй, эхнэр нас барсан гэж танилцуулжээ. Тэрээр “Индонез улсын Жакарта хотод Эдийн засгийн хамгаалалтын компанид миний нэр дээр байршуулсан 5.500.000 ам.доллар бүхий хайрцагийг Монгол Улс руу шилжүүлэн авч хадгалж байгаач” хэмээн санал тавьжээ. Улмаар итгүүлж энэ мөнгийг шилжүүлэн авахын тулд урьдчилан шилжүүлгийн зардлыг төлөх ёстой хэмээн 20.750 евро Индонез руу шилжүүлэн залилж авсан явдал гарчээ.

 

Мөн Франц улсын иргэн гэж өөрийгөө танилцуулсан Nadine гэх эмэгтэй үл таних хүнтэй зарын дагуу Монгол улсын нэр бүхий иргэнтэй цахимаар холбогдож улмаар хоёр хувийн хүүтэй зээл хүсч зээлийн төлбөр гэж нийт 15827 ам.долларыг арилжааны банкаар дамжуулан гадаад руу шилжүүлж авчээ. Яг үүнтэй төстэй бас нэгэн залилангийн хэрэг үйлдэгджээ. Франц улсын иргэн гэж өөрийгөө танилцуулсан Catherine гэх эмэгтэй фэйсбүүк хаягаар дамжуулан манай улсын нэр бүхий иргэнтэй танилцан Morandcathenicole @ gmail.com хаягаар холбогдон жилийн 0.2 хувийн хүүтэй 10-25 жилийн хугацаатай 10.000-900.000 еврогийн зээл олгоно гэж итгүүлж мөн зээлийн төлбөр гэж 28.000 ам долларыг арилжааны банкаар дамжуулан шилжүүлэн авч залилан онц их хэмжээний хохирол учруулсан байна.

 

ИНТЕРНЭТЭЭР ЗАЛИЛУУЛСАН ТОХИОЛДОЛД ГЭМТ ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ХОХИРОЛОО БАРАГДУУЛАХ БОЛОМЖГҮЙ

 

Ер нь олон улсад "419 залилан”, “Өв залгамжлалын луйвар буюу Нигерийн захидал” гэж нэршсэн цахим шуудан ашигладаг залилангууд бүртгэлтэй байдаг аж. Хамгийн гол нь мөнгө залилан авсан залилагч этгээдийг тогтоох боломжгүй бөгөөд ямар ч холбогдох мэдээлэл байдаггүй. Учир нь залилагчид хуурамч нэр, хаяг, и-мэйл, утасны дугаарыг зөвхөн нэг л удаа ашигладаг байна. Үүнээс гадна манай улсад гэмт этгээдийг авчрах, шалгах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас манай иргэд мөнгө, эд зүйлээ хэнээс ч авч чадахгүй хохирч үлддэг байна.

 

Иймд иргэн та хэн болох, хаана оршин суудаг, аль улсын иргэн болох нь тодорхойгүй этгээдтэй цахимаар танилцаж харилцах, санхүүгийн ямар нэгэн идэвхитэй харилцааг үүсгэхгүй байхыг Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх тасгаас сэрэмжлүүлж байна.

 

КАРТНЫ ЗАЛИЛАН

 

Хуурамч “Виза”, “Мастер”, “Union pay“ карт зэрэг бэлэн бус төлбөрийн хэрэгсэл ашиглах байдлаар залилан хийх байдал мөн л гарсаар байна. Ингэхдээ гэмт этгээдүүд ихэвчлэн соронзон туузан карт ашигладаг байна. Саяхан Румын улсын иргэн бэлэн мөнгөний машинаас их хэмжээний мөнгө луйвардсан хэргийг цагдаа нар илрүүлсэн. 35 настай А гэгч гадаад иргэдийн арилжааны банкны төлбөрийн картын мэдээллийг хууль бусаар олж авч, төлбөрийн картуудад суулган манай арилжааны банкны бэлэн мөнгөний машинаас онц их хэмжээний луйврын гүйлгээ хийжээ. Ингэхдээ луйвардсан мөнгөө манай иргэдийг хуурч мэхлэн баримтыг нь ашиглан гадаад руу шилжүүлдэг байсныг Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид илрүүлэн шалгаж байгаа. Түүнчлэн 2012 онд Украин улсын иргэд “Хаан банк”-ны АТМ-аас хуурамч карт ашиглан 100 сая төгрөг залилж аваад нутаг буцах гэж байхад нь ЭЦГ, УМБГ, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс илрүүлсэн байдаг.

 

Тэд дөрвөн дүүргийн зургаан АТМ-аас 15 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө авсан байсан. Тэднийг баривчлах үед 13 ширхэг хуурамч карт, таван ширхэг мастер карт, 100 мянган евро, 300 ам.доллартай байсныг хураан авсан байна. Мөн түүний дараахан мөн тус улсын иргэн 26 настай Р гэгч Сүхбаатар дүүрэгт байрлах АТМ-ээс хуурамч карт ашиглаж мөнгө залилан авсныг цагдаагийн байгууллага илрүүлсэн юм. Түүнээс нийт 88 ширхэг хуурамч карт хураан авсан байдаг. Энэ төрлийн этгээдүүд арилжааны банкуудын АТМ буюу бэлэн мөнгөний төхөөрөмжид үл таних этгээд соронзон туузан картын мэдээлэл хуулбарлан авах зориулалттай бичил нууц камер, санах ой бүхий тусгай төхөөрөмж суурилуулан арилжааны банкуудын харилцагч нарын юнион пэй, вестерн юнион картын мэдээллийг хууль бусаар олж авч Англи, БНХАУ, Грек зэрэг улсад луйврын гүйлгээ хийж арилжааны банкуудад онц их хэмжээний хохирол учруулсан байдаг. Иргэдийн картны мэдээллийг компьютер ашиглан авч улмаар картны ялтсанд уг мэдээллийг нааж арилжааны банкны посын машинд уншуулж мөнгө залилан мэхэлсэн байна.

 

ЗАМ, БАРИЛГЫН АЖЛЫН ТЕНДЕР АВЧ ӨГНӨ ГЭСЭН ЗАЛИЛАН ТҮГЭЭМЭЛ ДЭЛГЭРЧЭЭ

 

Зам, барилгын ажлын тендерийн залилан түгээмэл байдаг аж. Мөн хуучин барилга нураах ажлын тендер авч өгнө гэсэн байдаг аж. Замын ажлын санхүү багадаа тэрбумын санхүүжилтээс эхэлдэг. Тиймээс зам барих, зам засварлах, барилга нураах зэрэг улсын төсвөөс санхүүжилт гарч буй ажилд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг компаниуд өрсөлдөөн ихтэй байх нь тодорхой. Харин зальт этгээдүүд үүнийг ашиглан мөнгө саах хэлбэрээ болгодог аж. Зам барьж байгуулах болон барилга нураах чиглэлээр тендер олж өгнө гэж итгүүлэн хуурамч баримт бичиг үзүүлэн урьдчилгаа мөнгө авч бусдад онц их хэмжээний хохирол учруулдаг байна. Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж шалгагдаж байгаа этгээдүүд эдийн засгийн болон хуулийн өндөр мэдлэгтэй, байнгын хууль зүйн зөвлөгөө хуульчдаас авдаг байна. Гэрээ, хэлцэл нь анхнаасаа хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн, гэрээгээр хүлээсэн үүрэг нь бодит байдал дээр биелэгдэх боломжгүй, зээлийг буцааж төлөх бодит баталгаагүй, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн, өмчлөх эрхийг өөртөө олж авах санаа зорилго агуулж, иргэний хуульд заасан гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Мэйл хаягаар байнга л ирж байдаг шүү дээ. Тэр улсын тэр иргэн байна. Авга ах нь дайнд юмуу онгоцны ослоор үхчихсэн. Дансандаа хэдэн саяын хадгаламжтай. Түүнийг нь гаргаж авахад хамтрагч хэрэгтэй байна. Бичиг баримтаа явуул. Тодорхой хэмжээний төлбөр урьдчилан төл гээд л хөвөрч өгдөг. Мэдээж бүгд залидагчид байх нь ойлгомжтой. Андашгүй шүү дээ. Урьдаас нь харьцаад үзэхээр явж явж тодорхой урьдчилгаан дээр очино. Та төлөх ёстой болно. Ингээд ирвэл шууд л луйвар гэсэн үг. Ядаж л тэр ирээд байгаа хаягийг нь google-ээр хайхаар луйварчид гэдэг нь тодорхой гараад ирдэг. Зүв зүгээр данс руу чинь мөнгө шилжүүлье, алив дансаа явуулаадах л гэдэггүй юм бол хэн ч хэнд ч зүв зүгээр баахан мөнгө өгөх гэж байхгүй шүү дээ.
2017-08-07