Ч.Батболдыг яллагдагчаар татаж, цагдан хорилоо

Шадар сайд У.Хүрэлсүхийг мөрдөн мөшгиж, тагнаж чагнасан гэх хэргийн гэрч гэгдэж байсан Ч.Батболдыг цагдан хорихоор боллоо. Түүнийг өчигдөр баривчилсан бөгөөд өнөөдөр шүүх хурал болж, Ч.Батболдыг нэг сар цагдан хорьж, шалгах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа. Шүүхээс түүнийг хэргийн гэрч бус холбогдогч хэмээн үзэж, Эрүүгийн хуулийн 13.12 буюу хууль бусаар мөрдлөг хийсэн гэх хэргээр яллагдагчаар татлаа.
Ч.Батболдын өмгөөлөгч энэ хэрэгтэй холбоотойгоор долоон хүнийг хорьсон гэх мэдээлэлтэй байгаа аж. Мөн тэрбээр “Батболд өөрөө тухайн хэргийн тухай хуулийн байгууллагад мэдэгдэж, хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлсээр байхад цагдан хорьж байгаа нь Эрүүгийн хуулинд заасан үндэслэл, зарчимд нийцэхгүй байна. Тиймээс ерөнхий шүүгчид гомдол гаргана” гэсэн мэдээллийг өгөв.
Ч.Батболд одоо цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй аж.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ