Ч.Хүрэлбаатар: Ажлын хэсгийн зарим хүнд арга хэмжээ авахаар боллоо
Засгийн газрын ээлжит хуралдаан өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар Засгийн газрын хэрэг эрхлэг газрын дарга Ч.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа.
-Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн асуудлаар Засгийн газар хуралдсан гэсэн. Ажлын хэсгийн дүгнэлт хэрхэн гарсан бол?
-Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хоёр ажлын хэсэг гарган ажлуулсан. Юуны өмнө Монгол Улсад хүнсний бүтээгдэхүүнүүд дээр үнийн өсөлт гарахаас сэргийлж, хүнсний сагсанд байдаг бүтээгдэхүүнд байдаг хамгийн гол бүтээгдэхүүн болох махны нөөцийн асуудлыг хэлэлцлээ. Дөрвөн аймгаас бусад аймаг бүрдүүлэх ёстой нөөцөө бүрдүүлсэн байна. Улаанбаатар хотод бүрэн хэмжээгээр буюу 11.5 мянган тонн махыг нөөцлөөд байгаа.
-Шатахууны үнийн өсөлтийн хувьд?
-Ам.долларын ханшны үнийн өсөлтөөсөө давсан байдлаар үнийн өсөлт шатахуун дээр гарсан. Үүнийг ажлын хэсэг судлан тогтоосон. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаан дээр юуны түрүүнд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд зах зээлийн бодит нөхцөл байдлаас өөр хэлбэрээр үнэ нэмсэн тохиолдолд үүнийг зохицуулж, хяналт тавьдаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагт үүрэг өгсөн. Тэдэнд шатахууны үнийг хөөрөгдөж, валютын ханшийн өсөлтөөс өндөр үнээр шатахуунаа нэмсэн шалтгааныг олж, ямар компаниуд Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчив, тэдэнд ямар хариуцлага авах вэ гэдгийг Засгийн газрын хуралд танилцуулах үүргийг өглөө.
-Салбар хариуцсан дэд сайд нь агентлагын нэг даргатай нийлээд үнийн нэмэгдлийг бий болгосон гэсэн зүйлийг яриад байгаа?
-Манай улсын эдийн засагт тэр тусмаа бараа бүтээгдэхүүний үнэд чухал нөлөөлөл үзүүлдэг шатахууны ханшийг ийм хоёрхон хүн шийдвэрлэдэг байж болохгүй гэж Засгийн газар үзсэн. Ажлын хэсэгт орж ажилласан хүмүүст тодорхой арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах агентлагаас гаргасан дүгнэлтийг харж байж, ямар арга хэмжээ авахыг шийднэ. Засгийн газраас зарим хүнсний бараа, шатахуун, нийтийн тээврийн үнийг тогтворжуулах, хяналт тавих, арга хэмжээ авах үүрэг бүхий зөвлөл байгууллаа. Энэ зөвлөлийн хийх ёстой ажлын хөтөлбөрийг өнөөдрийн хуралдаанаас баталсан.
-Нэгэнт үндэслэлгүй үнэ нэмсэн юм чинь одоо буцаагаад бууруулах шаардлагатай байх? -Үндэслэлгүй гэж хэлэхэд жаахан төвөгтэй л дээ. Учир нь манайх шатахуунаа 100 хувь гаднаас авдаг. Энэ тохиолдолд валютын ханш нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ валютын ханшны өөрчлөлтөөс давсан байдлаар үнээ нэмж байгаа шалтгааныг тогтоож, холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхийг шаардаж, зохих арга хэмжээг авна.
-Валютын ханш сүүлийн гурван өдөрт буурлаа?
-Энэ бүхнийг эргэж харах чиглэл өгөгдсөн.
-Өнгөрсөн жилүүдэд ам.долларын ханш 1700 орчим төгрөгт хүрч байхад бензиний үнэ 1300 болж байсан шүү дээ? -Яг энэ асуудлаар бид Газрын тосны хэрэг эрхлэх газрын удирдлагуудаас тодруулсан. Тэд валютын ханш 1700 болж байхад дизель түлшний ханш 1900 хүрч байсан. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн үнийн өсөлтийг дагаад шатахууны үнэ өсөж байсан гэсэн хариулт өгч байгаа.
-Шатахууны үнэ валютын ханшийг дагаад өсөж байна гэж байгаа. Тэгтэл ам.долларын ханшийг хөөрөгдөөд байгаа ченжүүдийг яах вэ гэсэн асуудлыг зарим эдийн засагчид хэлж байсан?
-Би бол наадахыг чинь үндэслэлгүй мэдээлэл гэж үзэж байна. Бодит шалтгаануудыг дүгнэхэд ийм зүйл байгаагүй. Гэхдээ үүнийг анхаарах шаардлагатай байх. Монголбанк үүн дээр анхаарал хандуулж ажиллана байх.
-Шинээр байгуулагдах зөвлөлийн эхний хийх ажил нь юу байх вэ?
-Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учир үнэ ханш тэр журмаараа тогтоно. Харин энэ үнийг тогтворжуулах зөвлөл ард иргэдийн амьдралд нөлөөлж байгаа гол гол бүтээгдэхүүн дээр үнийн огцом өсөлт гаргахүйн тулд нийлүүлэлт нь ямар байна, хаанаа догодож байна гэдгийг тогтооно. Тухайлбал, урд хөршид махны үнэ өндөр байна гээд урагшаа хулгайгаар мах ихээр гаргаж байгаа тохиолдолд Гааль, Хил рүү тодорхой үүрэг өгч байгаа.
С.Энхзаяа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ