Цахим үнэмлэхээ гээсэн иргэнийг 250 мянган төгрөгөөр торгох уу

Сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр иргэний бичиг баримтаа гээвэл өндөр торгууль төлнө гэх мэдээлэл тархсан. Ирэх 9 сарын 1-нээс эхлэн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 250.000 төгрөг, төрсний гэрчилгээ хаявал 80.000 төгрөг, жолооны үнэмлэхээ гээвэл 300.000 төгрөгөөр торгоно гэсэн мэдээлэл бодит эсэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
- Зөрчлийн тухай хуулиар бичиг баримтаа гээсэн иргэдийг торгоно гэх мэдээлэл түглээ. Энэ үнэн үү?
Өнгөрсөн долоо хоногт цахим орчинд Зөрчлийн тухай хуулийн дагуу ирэх сарын нэгнээс эхлэн иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд 250.000 төгрөг, төрсний гэрчилгээ хаявал 80.000 төгрөг, жолооны үнэмлэхээ гээвэл 300.000 төгрөгөөр торгоно гэсэн ташаа мэдээлэл цацагдаж, олон нийтийг багагүй бухимдуулсан. Энэхүү мэдээлэл худлаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Зөрчлийн тухай хуульд ямар ч ийм заалт байхгүй. Уг ташаа мэдээллийг нийтэлсэн вэб сайтуудыг шалгаж байна. Цаашид ор үндэслэлгүй худлаа мэдээлэл тарааж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг хүсч байна. Мөн иргэд ямар ч эх сурвалжгүй буруу ташаа мэдээлэлд автахгүй байх хэрэгтэй.
-Тэгвэл зарим тохиолдолд торгуулийн шийтгэвэртэй байгаа талаар мэдээлэл өгөөч?
Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг оногдуулахаар заасан.Тухайлбал, Иргэний үнэмлэх, энгийн гадаад паспорт, улсын бүртгэлийн гэрчилгээг барьцаалсан, барьцаалуулсан, зориуд гэмтээсэн бол хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.Мөн иргэний улсын бүртгэлийн талаар тогтоосон журам зөрчсөн бол хүнийг гучин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- Иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд тодорхой хэмжээний торгууль төлдөг. Одоо торгуулийн хэмжээ хэдэн төгрөг байгаа вэ ?
Иргэний үнэмлэхээ хаясан тохиолдолд торгуулийн хэмжээг хяналтын улсын байцаагч тогтоодог. Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ хаяж, үрэгдүүлсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15 000, тэмдэгтийн хураамж 3300 төгрөг төлнө. Харин төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5000 төгрөгийн хураамж төлнө. Иргэний үнэмлэх дахин авахад ажлын 5 хоногт хэвлэгдэнэ. Харин төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтийг хүлээн авмагц бичиж олгоно.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ