Ж.Мөнхбатыг Ерөнхий сайдад зүтгүүлнэ

УИХ-ын 30 гишүүн Засгийн газрыг огцруулах саналыг өргөн бариад байгаа. Тэдний хүсэлтээр ээлжит бус чуулган хэзээ хуралдах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа.
Гэхдээ УИХ дахь АН-ын бүлэг болон УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын ээлжит бус чуулганыг хуралдуулах хүсэлт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд нарт очсон. Тиймээс ээлжит бус чуулган тун ойрын үед зарлагдах нь нэгэнт тодорхой болсон гэсэн үг. Ингэхээр дээрх 30 гишүүний санал бас хэлэлцэгдэж таарна.
Иймээс одоогийн Засгийн газар энэ дайралтад хэрхэн тэсч үлдэхээ энэ өдрүүдэд ярьцгааж байна. Хэрвээ одоогийн Засгийн газрын тэргүүнийг авч үлдэж чадахгүйд хүрвэл хоёр дахь хувилбар байх ёстой гэж үзжээ. Ингэж яриад одоогийн ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатыг Ерөнхий сайдад зүтгүүлэх нь зөв юм байна гэж тохирсон байна.
Ж.Мөнхбатын хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН үнэмлэхүй ялахад намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж Сонгуулийн штабыг удирдсан. Гэсэн хэдий ч тэрээр намынхаа дарга М.Энхболдыг УИХ-ын дарга болоход Ерөнхий сайд болно гэж зүтгэлгүй нэрээ татсан байдаг.
Нөгөөтэйгүүр Монголд ийм жишиг тохиолдол өмнө нь болж байв. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцроход түүний ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг дараагийн Ерөнхий сайд болж байсан юм.
Эх сурвалж: www.polit.mn
П.МАНДАХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ