Бруклин Бекхэм: Аав, ээж минь намайг одоо хүртэл жаахан хүү гэж боддог

Английн хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм болон “Spice girls” хамтлагийн экс гишүүн Викториа Бекхэм нарын ууган хүү Бруклин Бекхэм “The Sun” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.
-Тантай уулзах тун амаргүй юм. Эцэг, эхээс чинь зөвшөөрөл авах их хэцүү юм.
-Тийм үү. Эцэг, эхийнхээ өмнөөс та бүхнээс уучлалт гуймаар байна. Тэднээс ч зөвшөөрөл авах ч амаргүй шүү. Би ч их зовсон. Ээж “үгүй” гэсэн бол хэзээ ч бодлоо өөрчлөхгүй. Харин аавыг бол хэдэн удаа ятгаад л зөвшөөрүүлчихнэ. Харин ээжийг бол ятгаад ч ямар ч хэрэггүй. Ээж байр сууриндаа бат зогсдог.
-Хатагтай Бекхэм их хатуу чанга харагддаг. Тэр гэртээ ч гэсэн хатуу чанга байдаг гэсэн үг үү?
-Би ээждээ их хайртай. Ээж минь намайг болон дүү нарыг минь хамгаалахыг хүсдэг. Ээж бүхэн хүүхдүүдээ хамгаалахыг хүсдэг.
-Гэхдээ ээжийн тань хатуу чанга зан заримдаа уурыг тань хүргэдэг биз дээ?
-Үгүй ээ. Та миний үгэнд итгэхгүй ч гэлээ би ээжийгээ хэзээ ч буруутгаж байгаагүй. Миний ээж хэзээ ч буруу шийдвэр гаргахгүй. Түүний гаргасан шийдвэр бүхэн бидний төлөө байдаг. Аав минь ээжийгээ хүндэтгэхийг үргэлж зааж бас сургасан.
-Үнэхээр зөв бололтой юм.
-Баярлалаа.
-Та өдөр ирэх тусам аавтайгаа ижилхэн болж байна. Гадаад байдлаараа тун төстэй гэхэд болно. Аавтайгаа ижилхэн харагдахыг хүсдэг үү?
-Мэдэхгүй юм. Би аавтайгаа ижилхэн болох гэж хэзээ ч хичээж байгаагүй. Зүгээр л өөрийнхөөрөө байдаг. Аавын минь гадаад байдал гайхалтай. Ааваасаа дуурайх зүйл их байдаг. Гэхдээ өөрөө ч мэдэлгүй аавыгаа дуурайдаг болсон байж магадгүй.
-Ирэх есдүгээр сард их сургуульд элсэхээр болсон?
-Тийм ээ.
-Ямар сургууль вэ?
-Одоохондоо би ч өөрөө сайн мэдэхгүй байна. Ямар мэргэжил надад тохирохыг сайн мэдэхгүй байгаа учир их эргэлзэж байна.
-Гэрийнхэн тань ямар мэргэжилтэй бол хэмээн зөвлөж байна?
-Миний сонголт учир би сонголтоо өөрөө хийхийг хүсч байна. Тиймээс олон хүнээс энэ талаар зөвлөгөө авахаас татгалзаж байгаа. Гэхдээ АНУ-ын их сургуульд суралцах сонирхолтой байгаа. Энэ талаараа аавтайгаа их удаан ярилцсан. Орчноо солих хэрэгтэй байх. Бие дааж чадна гэдгээ гэрийнхэндээ батлан харуулмаар байна. Аав, ээж минь намайг одоо хүртэл жаахан хүү гэж боддог.
-Та бол алдартай гэр бүлийн гишүүн. Танайх нэг үгээр маш баян. Гэхдээ заавал сургуульд сурч, боловсрол эзэмших шаардлагатай гэж үү?
-Боловсрол маш чухал. Би ямар ч айлын хүү байлаа заавал боловсрол эзэмших хэрэгтэй. Эцэг, эх минь л алдартай болохоос би биш. Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна. Хэн нэгний дэмжлэгээр өндөрлөгт гармааргүй байна.
-Та охидын дунд их алдартай. Таны инстаграм хуудсыг тань 9.5 сая хэрэглэгч дагадаг. Хаа явсан газар тань охид байдаг. Энэ талаар?
-Надад энэ бүхэн тийм ч их таалагдахгүй байна. Харин нийгмийн сүлжээг минь хүмүүс дагадагт би талархдаг. Гэхдээ би дагагчийнхаа тоонд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Надад инстаграм бусад нийгмийн сүлжээ зугаатай санагддаг.
-Насанд хүрлээ. Мэдээж охид таны сэтгэлийг татаж байгаа байх?
-Тэд үргэлж л миний сэтгэлийг татдаг. /инээв/
-Одоо болзож байгаа юу?
-Тийм ээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ