Дэлхийн удирдагчдыг түгшээсэн туршилт

Хойд Солонгос өчигдөр цөмийн зэвсэг туршжээ. Энэ талаар “www.telegraph.co.uk” сайт мэдээллээ.
Хойд Солонгос улс өчигдөр орон нутгийн цагаар 11.00 цагт тус улсын эрдэмтэд “устөрөгчийн бөмбөг амжилттай үйлдвэрлэсэн” тухайгаа мэдэгдсэн юм. Уг устөрөгчийн бөмбөгийг саяхан Японыг чиглэн харвасан алсын тусгалтай пуужингийн хошуунд суурилуулах боломжтой гэв. Устөрөгчийн бөмбөг суурилуулсан баллистик пуужин “АНУ-ын газар нутгийн аль ч хэсгийг газрын хөрснөөс арчих боломжтой” хэмээн Вашингтоныг заналхийллээ. Тэгвэл уг мэдэгдлээс хэдхэн цагийн дараа Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны удирдлагын дор тус улс зургаа дахь цөмийн туршилтаа хийсэн болохыг “KCNA” агентлаг мэдээлэв.
Цөмийн туршилтын дараахан 6.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Өмнөд Солонгосын Жанжин Штабаас уламжилжээ. Тус улс ээлжит цөмийн туршилтаа хойд хэсгийн Чилжу мужийн Пунгери дэх туршилтын талбайд хийсэн болохыг БНХАУ-ын Геологийн төвөөс мэдээлэв. Гэхдээ Бээжин уг хүчтэй чичирхийллийг цөмийн туршилттай холбоотой эсэхийг хараахан тогтоогоогүй байна. Харин Вашингтон болон Сөүл дээрх чичирхийллийг “цөмийн туршилт мөн” гэв. Пхеньян “Цөмийн туршилт амжилттай болсон. Тун удахгүй эрдэмтдийн гаргаж авсан устөрөгчийн бөмбөгийн турших болно” гэж мэдэгджээ.
Ким Чен Ун Засгийн эрхийг авснаасаа хойш ийнхүү гурав дахь удаагаа цөмийн туршилт хийж байна. Өнгөрсөн 2016 оны есдүгээр сард цөмийн туршилт хийсэн билээ. Гэхдээ АНУ-ын эрх баригчид уг туршилтыг “цөмийн туршилт биш” хэмээн мэдэгдсэн юм.
Өнгөрсөн оны эхээр тус улс цөмийн туршилт хийсэн бөгөөд уг туршилтын улмаас 5.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү туршилтын дараа НҮБ-ын Аюулгүй зөвлөл тус улсын эсрэг хатуу хориг тавьж, хүмүүнлэгийн тусламжаа зогсоосон юм. Судалгаагаар Хойд Солонгосын сая орчим иргэн хүмүүнлэгийн тусламжаар амьдардаг байжээ.
Пхеньян өчигдөр цөмийн туршилт хийсний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Тэд бидний хэлсэн зүйлийг сайн ойлгохгүй байгаа бололтой. Тэд дахин дайныг өдөөн турхирсан үйлдэл хийсээр байвал бид ч гэсэн хариу арга хэмжээ авах болно. АНУ өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалахын тулд цөмийн зэвсэг туршихаа та бүхэнд хатуугаар мэдэгдэж байна” гэж мэдэгдлээ.
Тэрбээр ийнхүү мэдэгдээд Японы Ерөнхий сайд Шинзо Абетэй Солонгосын хойгийн асуудлаар утсаар ярьсан байна. Ерөнхий сайд “Хойд Солонгосын хөдөлгөөн урьдчилан таамаглахын аргагүй байна” гэж мэдэгджээ. Пентагоны тэргүүн Жэймс Мэттис “Хойд Солонгос буруу үйлдэл хийснийхээ хариуг хэд дахин хүндээр амсах болно” гэсэн байна.
Хойд Солонгос цөмийн туршилт хийх үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон БНХАУ-ын дарга Си Зиньпин нар уулзжээ. БНХАУ-ын Фужянь мужийн Шиамэнь хотноо “BRICS”-ийн дээд хэмжээний уулзалтад Кремлийн тэргүүн оролцож буй юм.
Удирдагчид уулзалтынхаа эхэнд хамтын хүчээр Солонгосын хойгт энхтайван тогтоох улмаар Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижруулахаар тохиролцсон байна. Путин “Мэдээж энэхүү ажилд их цаг бас их хөрөнгө зарцуулах нь тодорхой. Гэхдээ Хятадын тусламжтай энэхүү ажиллагааг амжилттай болгох боломжтой” гэсэн бол Си Зиньпин “Хойд Солонгос олон улсын шаардлагыг даган биелүүлэх цаг ирлээ” гэж мэдэгджээ. Мөн Путин “Хойд Солонгос ээлжин цөмийн зэвсэг туршсан нь миний сэтгэлийг хямрааж байна” гэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ