Ямар “зарчим” У.Хүрэлсүхийг АН-ын гарт хаяхад хүргэв

МАН -ын бүлгийн хурлаас Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг 100 хувь дэмжихээр боллоо гэж хэдхэн хоногийн өмнө хэвлэл сайтууд мэдээлж байсан. Харин Ерөнхий сайдыг батламжлах чуулганы хуралд суугаагүй МАН-ын бүлгийн гишүүд Ерөнхий сайдыг "дэмжихээ больсоноо" үүгээрээ илэрхийллээ. Анх удаа парламент хамгийн бага ирцтэйгээр Ерөнхий сайдаа батламжиллаа. Чухал хурлаа “мартсан” гишүүд эсэргүүцлийнхээ талаар ний нуугүй л ярьсан байна.
... Одоо зөвшилцөх байлгүй дээ гэтэл шууд санал хураачихлаа. Энэ асуудалд маш эгдүүцэж байна... 65 дотроо учраа олчиход л болоо... эв нэгдлээ яаж хангаж ажиллах юм гэдэг асуудлыг ярих гэтэл гарын үсэг зурсан 30 гишүүн түрэмгийлсэн... Бид гол нь зарчим дээрээ ойлголцох хэрэгтэй...
Эдгээр дипломат гомдлын цаана хоёр гаргалгаа байгаа. Нэгт МАН –ын бага хурал болоод бүлгийн шийдвэр нь хуучин засгийг хүрээлсэн хэсэг гишүүдийн хувьд дагах шийдвэр нь биш гэж үзэх. Хоёрт цуу яриа үнэн бол Ерөнхий сайдад батламжлах хурлын өмнөхөн хэсэг гишүүд У.Хүрэлсүхэд хандаж хуучин сайд нараас шинэ танхимд хэвээр үлдээх эцсийн тулгалтаа хийсэн. Үүнийгээ цааш явах “зарчмаа тохирох” гэдгээр томьёолж байгаа харагдсан. Хэрвээ томилгооны зарчмын саналд “Үгүй” гэх бол дэмжихгүй гэдгээ болзол болгосон. Үр дүнд нь нэр бүхий гишүүд хуралдаа ирээгүй байдлаас харахад У.Хүрэлсүх нь өөрийн зарчмаа барьж гүрийсэн ба танхимаа өөрийнхөөрөө буюу 100 хувь өөрчлөнө гэсэн байр сууриндаа хатуу зогссон бололтой.
Үүгээр МАН-ын тодорхой тооны гишүүд хатуу зуулттай үлдсэн буюу зөөлнөөр хэлэхэд гомдолтой үлджээ гэж дүгнэхэд хүрч байна. Улс орны эрх ашиг дахиад л бүлэглэл фракцийн явцуу эрх ашигтай зөрчилдсөн мэт.
Тэгээд ч У.Хүрэлсүх уулзалтаас гараад чуулган дээр шинэ ерөнхий сайдын хувиар үг хэлэхдээ “Би айхгүй байна...” гэж хатуухан хэлэхэд хүрсэн байх. Мөн надаас болон миний засгийн газраас хууль бус зүйл битгий хүсээрэй /шахаарай/ ... гэж намынхаа нөхөддөө жич анхаарууллаа. Ерөнхий сайдын хэлсэн “би цомхон төртэй баян иргэдтэй байхыг илүүд үзнэ ” гэдэг нь томилгоон дээр тулгаад буй зарчмын ойлголцолд тохироо байхгүй гэдгээ хатуу мэдэгдсэн үг боллоо. МАН АН-ын нэгэн адил албан тушаалын асуудал дээр ийнхүү анх удаа том хагарч харагдлаа. Ийм залуу үеэр МАН цусаа сэлбэж буй бол жирийн гишүүдийнх нь эгдүүцэл ёстой зангирах байх.
Шинэ засгийн газар эдийн засгийн асуудлаас гадна нэрмээс болсон намын дотоод зөрчил, гомдогсдын сүрэгт боорлуулсан байдалд тун хүнд дарамтаар ажиллах дүр зураг эндээс харагдаж байна.
Бага хурлынхаа шийдвэрээс хойш МАН эвээ оллоо, төр одоо нэг зүгширч ажлаа хийнэ гэж хүлээж байсан бол Ерөнхий сайдыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн МАН-ын бүлгийн 30-д гишүүний үйлдлээс Төрийн тогтвортой байдалд дахин асуудал үүсч болох анхаарлын тэмдгийг үлдээлээ.
Жагсаал оройлж яваа хэнд ч гэнэт тугаа шилжүүлж жирийн эгнээнд зогсох хэцүү л байх. Гэвч улс төрийн томилгоо, төрийн алба бол хариуцлага дагаж дээшээ доошоо болж байх ёстой л үүрэгт ажил. Бүлгийн тал хувь нь бага хурлынхаа эсрэг байр суурь илэрхийлэн хурлаа пялж, шинэ ерөнхий сайдынхаа хувь заяаг АН-ын бүлгийн гарт орхиж чадаж байгаа нь МАН доторх сайдын суудлын төлөөх тохироо, дарамт хуйвалдаан хур их байгааг харуулж байна.
... Өнөөдөр чуулганд АН-ын 8 гишүүн нийлж Ерөнхий сайдыг томиллоо. Албан ёсны сөрөг хүчигүй болж ... гэж ундууцаж буй Н.Номтойбаяр гишүүний үгэн дээр өөр нуршилт хэрэггүй. Цааш нарийн задлаад харвал МАН-ын их хуралдаа хүрч хайнаа хагалах хүртэл энэ зөрчил хадгалагдах нь тодорхой. Том намын хувьд 65 суудлын тал хувь нь нийлээд хоёр гурван сайд зүтгүүлэх бол зайлшгүй хийгдэх улс төр гэдгийг бүгд ойлгоно. Хүндэтгэлтэй хандана. Энэ чинь намаараа хөдөлж, тултал нь амлалт өгч байж олж ирсэн 65 суудал шүү дээ.
Гэвч тус тусдаа тойрог төлөөлсөн, Монголоо гэсэн нэг эрх ашгийн төлөө хувийн явцуу ашиг сонирхлоо умартана гэж тангараг өргөсөн төрийн түшээдийн хувьд унасан уурандаа гомдох ба төр засагтаа зуунги хандах нь хэтэрхий доошоо орсон байдал. Ингэж улайралдаа хөтлөгдөж бараг хяналтаа алдсан болчимгүй мэдэгдэл бөөндөн хийснээр улс төрчийнхөө хувьд ард түмний дэмжлэгийг улам алдана.
Ж.Эрдэнэбатын засгийн газар намынхаа бүлгийн нэгдсэн дэмжлэгтэй, бараг хүчээр тулгаж байгаад эргэлзээтэй шийдвэрээ их хурлаар дэмжүүлж байсан. Явсаар энэхүү дэмжлэг хэтрээд ирэхээр сонгуулийн амлалтынхаа эсрэгээр татвар, нэмж хүүхдийн мөнгийг алагчлалтай өгөх тогтоолын төсөлд гишүүд нь нүдээ аниад кноптсон. Энэ хайр нь хэтрээд сайдууд нь хувь хувьдаа вант улс мэт яамаа өмчлөн амбицлаж, дор бүрээ засаглах шахуу болсон. Харин одоо эмхлэгдэх шинэ засгийн хувьд намын бүлгийнх нь тал хувь нь сөрөг хүчний байр суурь дээр зогсож мэдэхээр боллоо. Тэд ямар зарчмаа тохирсонгүй гэж туниад Ерөнхий сайдаа чуулганд унагаачих магад гэж хойш суув. Ийм бодит нөхцөлд У.Хүрэлсүхт найраанд орохгүй гэсэндээ бат зогсож “Би айхгүй байна ... хуулийн хүрээнд үзэлцэнэ ... Эрх мэдэл, өнгө мөнгөний өмнө хүчин мөхөсдсөн хууль цааз, төр засагтаа гутарч байна. “гэж хатуу хэлэхэд хүрсэн байх.
Айж бэмбийхгүй , найраа хувалдаанд орохгүй, хариуцлага шудрага ёсыг тогтоох ард түмний чин хүсэл бол У.Хүрэлсүхээс өөр тухайлбал Ө.Энхтүвшин гарч ирсэн ч адилхан, МАН-ын шинэ лидерт хаяглагдах ганц захиас. Нийгмийн захиалга бол хүчирхэг эдийн засаг төдийгүй хууль дээдэлсэн шударга ёс, бизнес эрхлэх таатай орчин, аюулгүй амьдрах баталгаа бүхий жинхэнэ утгат Ардчилсан төр. Үүний төлөө гишүүд ямарч хувийн амбиц тохироогоо доогуур тавьж, төрөө эвээр засах тангарагтайг дээр сануулсан.
У.Хүрэлсүхийн засгийн газрын үүрэх ачаа хүнд гэж бүгд хэлж байсан бол өчигдрийн чуулганы ирцээс ямар гээч хэцүү байх нь бүр тод харагдлаа. 2020 оны сонгуулийн ялалт, ялагдлын түүчээг ч МАН-ын энэ засаг давхар өөртөө авсан. Үүнийг яг энэ цагт “тохироо” нэхэж шинэ засагтаа шантааж үзүүлж буй гишүүдэд нь сануулмаар. Өөрийн танхимдаа төрийн хүн байсан, байж чадах сайдуудыг гаргаж ирэх нь Ерөнхий сайдын дараагийн шалгуур.
Пүрэвжавын Баярхүү /тоймч /
СЭТГЭГДЭЛ БИЧИХ